
Алтны нинжанууд Сар хайрханыг “самарч” байна
Газар газрын гар аргаар алт олборлогчид Завхан аймаг руу цувах болжээ. Учир нь Завхан аймгийн Ургамал сумын нутаг дахь Сар хайрханаас алт гарчээ. Энд алт байгааг МАК компани анх илрүүлж, алттай уулын нууцаа нинжа нарт алдчихаж. Ингээд алтны нинжануудын арааны шүлсийг гоожуулсан газар нь Сар хайрхан болоод байна.
Газар дээр нь очиж үзлээ. Харьцангуй тайван байна. Яагаад тайван байсан гэхээр яг долоо хоногийн өмнө Завхан аймгийн цагдаагийн газраас хамгаалалт гарч, нинжануудыг хөөжээ. Хөөлтөөс үлдсэн хэд нь нууц байдалд шилжсэн байх юм. Сар хайрханы баруухан хоёр гурван гэр байшинтай гуанз эрхэлдэг жижигхэн суурин байна. Тэнд замын хүний дүрд “хувилсан” ч нүд хувцас нь илтэд нинжа гэдгийг нь нотлох алтныхан харагдлаа.
Нинжанууд Сар хайрханаас жимс түүж байгаа юм шиг алт түүж байгаа гэсэн цуу тараажээ. Ингэж газар газрын нинжануудыг уриалан дуудаж байгаа аж. Хэдүүлэхнээ ухвал цагдаа нарт дийлдэх болохоор илүү замбараагүй, олон хүн бужигнуулахыг эрмэлздэг байна. Гар аргаар алт олборлогчдын цагдааг хүчин мөхөсдүүлэх башир арга нь ажээ.
Гуанз эрхэлдэг гэрт орж үзлээ. Гэрээр дүүрэн залуучууд сууж байв. Сар хайрханы ойрмогхоноос алт гараад байгаа гэсэн яг хаагуур нь байх шиг байна гээд гэм сэмгүй асуучихлаа. Бүгд нүдээ том болгож ирээд л ёстой мэдэхгүй. Юун сонин юм ярина вэ, алт ухдаг овоо хүүхэн ээ гээд л паржигнасан сөөнгө хоолойгоор инээлдэж байна. Хүн алт асуухаар хүүе хаая, нутаг орон минь гэсэн мөртлөө гэрээс гарахаар дагаад гараад ирэх юм. Нээрээ алт ухах гэж байгаа юм уу ч гэх шиг. Ахин дахин лавлана.
Сар хайрхан руу хаа хаанаасаа Хомын тал гээч их талыг туулж хүрнэ. Энэ талд хэдэн цаг явж арай гэж нэг машины бараа харагддаг атал Сар хайрхан дөхөх тусам Уаз 469, Пургон автомашин хөлхөлдөх нь ихэсч байлаа. Ер нь бол нинжанууд жийп зэрэг том машин харахаараа нуугддаг юм байна.
Завхан аймгийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбаатараас Сар хайрхан орчим байдал ямар байгаа талаар тодрууллаа.
-Танай аймгийн Сар хайрхан уулнаас алт гараад алтчид цугласан байсан. Байдал яг одоо ямар байгаа вэ?
-Завхан аймгийн Ургамал сумын нутгийн Сар хайрхан, Улаантолгой, Бүрчигдэй гэдэг уулуудад хууль бус гар аргаар алт олборлогчид цуглаж ихээхэн хэмжээний талбайг эвдэж сүйтгэж экологийн сүйрэлд оруулсан асуудал гарсан. Аймгийн цагдаагийн газраас тодорхой тооны алба хаагчдыг томилж тэнд пост маягаар ажиллуулж байна.
-Хамгаалалтад гарсан алба хаагчид алтны нинжануудыг хөөж хүчирч байгаа юу?
-Ямар ч гэсэн хамгаалалт хийхэд хамгалттай алба хаагчдыг ажиллуулж байгаа. Сая сонгууль гээд алба хаагчдаа хэд хоног эргүүлж татсан. Эргүүл тойруул хийх маягаар маршрутанд явах замаар уулыг хамгаалж байгаа.
-Яг газар дээр нь очоод үзэхээр автомашинтай нинжа нар хойгуур урдуур сүлжилдээд л байна лээ дээ?
-Их том хэмжээний талбайг хамарсан учраас зарим газраар машинтай хүмүүс нэвтэрч гар аргаар алт олборлож байгааг үгүйсгэхгүй. Уртаашаа 20 км, өргөөшөө 10 км том хэмжээний талбай байгаа гэв.
Сар хайрханыг өмнө нь тахиж байсан тахилгатай учиртай уул гэдэг. Байгалийн тогтоц нь ч өвөрмөц. Нил тал дунд майхан шиг шовойж оршдог жижигхэн уул. Завханд өмнө нь ингэж алт гарч, хүмүүс ирж байгаагүй болохоор завханы алтчид туршлагагүйтэж байгаа юм байна. Харин хөрш аймаг болох Говь-Алтай Өвөрхангай, Ховд зэрэг аймгуудаас туршлагатай нинжанууд ирж “багшилж” байгаа юм билээ гэж завханчууд өөр хоорондоо ярилцаж байна.
Эрт дээрээс алтыг газрын гагнаас гэдэг ч манайхан байгаль дэлхийдээ санаа сэтгэл зовсон юм байхгүй ухаад л байгаа. Энд хэдэн жилийн тэртээ баруун бүсийн хурдан хүлгийн Даншиг наадам болж, уясан эзэн, унасан хүүхдүүдээ баярлуулж байжээ. Хомын талаар явж байгаа зорчигчид “Сар Хайрхан”-уулаар “луужин” хийж зам чигээ олдог байна. Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ, Уулын модонд очтол уурхай болгосон байжээ гэдэг онигоо алтны нинжа нарын “ачаар” хэрэгжвэл Завхан аймгийн Ургамал суманд эгэл орших энэ хүрэн бор “луужин” байхгүй болох нь. Сар хайрханы тахилгатай байсан цаагуураа учиртай ч байх. Зээрийн сүрэг давхилдсан нил талд ганцхан шовойсон жижигхэн бор уул харагдах нь их л эгэл, дотно санагддаг юм билээ. Иймэрхүү учир начрыг нь бодсон ч гэсэн ухуулмааргүй л байх юм, энэ уулыг. Аймгийн цагдаагаас ирж хөөсөн гэж байгаа ч алтны нинжа нар ахиад нууцаар цуглаж байгаа дүр зураг харагдаж байлаа.
Л.Заяа



СЭТГЭГДЭЛ БИЧИХ