
Европын Холбооны кино өдөрлөгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 18.00 цагт “Блэкбокс” театрт болно. Кино өдөрлөгийн нээлтийн ёслолд Европын холбооноос МУ-д суугаа Элчин сайд Маркус Эдерер, ЕХ-ны гишүүн орнуудаас МУ-д суугаа Элчин сайдууд, Монгол улсын ЗГ-ыг төлөөлөн ССАЖ сайд Ц.Оюунгэрэл болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцох юм байна.
Европын Холбооны гурав дахь удаагийн кино өдөрлөг Улаанбаатар хотноо гурав хоног зохион байгуулагдах юм. Энэхүү кино өдөрлөгийг ЕХ-ны Төлөөлөгчийн газар, “Блэкбокс” театр болон “Глоб Интернэшнл” ТББ хамтран зохион байгуулж буй.
Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон нэг киног оролцуулдаг. Энэ жилийн кино өдөрлөгт Монгол Улсад элчин сайдын яамтай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр болон урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны гишүүн 10 орны кино оролцох юм байна. Тухайлбал Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани зэрэг улс орнуудын эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд маш өргөн сонголттой кинонууд багтсан аж. Кипр улс энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаа тул кино өдөрлөгийг тус улсын “Жижиг гэмт хэрэг” эмгэнэлт инээдмийн киногоор эхлүүлэх гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ