
Өчигдөр цас бударч, зарим нутгаар явган шуургатай байсан ч монголчууд орон нутгийн сонгуульдаа амжилттай оролцлоо. Хэдийгээр УБЕГ-аас гаргасан судалгаагаар нэг сая 862 мянга гаруй сонгогч саналаа өгөх ёстой байсан ч хөдөө орон нутагт урьдчилсан дүнгээр сонгогчдын ирц 60 орчим хувьтай болж, нийслэлийн дүүргүүдэд 50 хувийн босго дөнгөж давсан бололтой. Сонгогчид долоон нам, хоёр эвслийн болон бие даасан 19400 гаруй нэр дэвшигчдээс сонголтоо хийлээ. Энэ сонгуулиар багуудын төлөөлөл сумын ИТХ-д, сумдын төлөөлөл аймгийн ИТХ-д суух боломж олгож, Орон нутгийн сонгуулийн тухай шинэ хуулиар баталгаажуулсан юм.
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр өглөө 07.00 цагаас орон даяар эхэлсэн боловч үдээс өмнө нэлээд хойрго байлаа. Харин санал хураалт өндөрлөх 22.00 цаг дөхөхийн хэрээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 сумын сонгуулийн хороо, 2010 хэсгийн хорооныхны идэвх санаачлага, иргэдийн ухамсартай оролцоотойгоор төсвөөс хуваарилсан сонгуулийн 5,4 тэрбум төгрөгийн зардал талаар болсонгүй. Иргэд шууд сонголтоо хийх энэхүү улс төрийн арга хэмжээнд сонгуулийн хорооны 16590 гишүүн, иргэний бүртгэлийн 2533 итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын 2500 гаруй ажилтан, мэдээллийн технологийн 2560 мэргэжилтэн ажилласан байна. Сонгогчдын санал тоолох 2500 машин, иргэний цахим үнэмлэх бүртгэх 2900 техник хэрэгсэл ажиллажээ.
Цагийн зүү 21-ний өдрөөс 22-нд шилжих хоног тоолох мөчид Сонгуулийн өрөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг хараахан гаргаж амжаагүй байсан боловч улс төрийн зарим нам уулгамч юм шиг ялалтаа зарлаж байв. Гэвч аймгуудаас ирүүлсэн мэдээг нэгтгэн урьдчилсан байдлаар авч үзвэл Ардчилсан нам ээлжит сонгуульд олуулаа ялсан нь тодорхой болсон билээ. Өчигдөр тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийн сэтгүүлчдэд мэдээлснээр 21 аймгийн 12-т нь АН олонхи боллоо гэсэн. Өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг албан ёсоор 14 аймагт олонхи болж, орон нутгийн сонгуульд ялалт байгуулснаа зарлалаа. Одоогоор СЕХ-ны албан ёсны дүнг танилцуулаагүй ч мэдээллийн бусад сувгуудаар үүнийг баталж байна. Харин алс баруун хязгаар Баян-Өлгий аймгаас тоймтой мэдээ алга. Нийслэлийн Багахангайгаас бусад дүүрэгт АН мөн ялалт байгуулсан байна. Энэ ялалтад хүрэхэд НИТХ-ын сонгуульд Э.Бат-Үүл тэргүүтэй багийнхны байгуулсан ялалт, хотын шинэ мэрийн зоримог алхмууд ихээхэн нөлөөлсөн нь дамжиггүй.
Ийнхүү АН-ын хүн шиг амьдарч, улс шиг хөгжих “Монгол хүн 2020” хөтөлбөр сум, дүүргээс эхлэн аймаг, нийслэлд бүрэн хэрэгжих бодитой хөрс суурь тавигдлаа. Нэгэнт УИХ-д олуулаа болж, Засгийн газраа эмхлэн байгуулсан АН-ын хувьд энэ нь 1996 оноос хойш тохиож байгаа ховорхон завшаан юм. Монголын ард түмэн ардчилсан сонголтоо бататгаж, АН-д ихээхэн итгэл найдвар хүлээлгэв. Анхны ардчилсан Ерөнхийлөгчтэй, анх удаа нийслэлд эрх барьж буй АН-ын бодлогоос монголчуудын хувь заяа ирэх дөрвөн жилд шалтгаалах болно.
Эдийн засгийн өсөлт ч Монгол Улсыг дэлхийн дэвжээнд Катарын араас аман хүзүүнд авчирсан. Оюутолгой, Тавантолгойн үүцийг дэлхий дахин ширтэн харж, олон улсын хөрөнгө оруулагчид хошуурч байна. Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч байгаа зэрэг томоохон эерэг хандлагууд их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм. Авлигаас ангид шинэ залуу үе улс орны улс төр, эдийн засгийн дээд хүрээнд гарч ирж, нийгэмд шинэчлэл хийх урам зориг дүүрэн байна. Хамгийн гол нь монгол хүний үнэ цэнийг цоо шинээр үнэлж, аюулгүй амьдрах найдвартай орчныг бүрдүүлэх ажил шинэчлэлийн гол цөм байгаасай гэдгийг нийгэм даяараа хүлээж буй гэдгийг АН ухамсарласан бололтой. Энэ их хүлээлтийн хариуг иргэд маргаашаас нэхэж эхлэх нь тодорхой.
Ямартай ч ардчиллын хуртай сонгууль боллоо. Ямар үр тарьж ургуулахыг ард түмэн харж байна. Хэрвээ түүнийг хулстай зүйрлэвэл дөрвөн жил газарт нойрссон бяцхан үр нэг л өдөр газрын хөрсийг нэвтлэн өндийж асар хурдан ургадаг. Гагцхүү тариачин мөнөөх үрийг хэрхэн тордсоноос ихээхэн шалтгаална. Ноён Н.Алтанхуягийн Монголын хөрсөнд суулгасан үр хэзээ уул тал, хот суурингуудыг бүрхэн ургах бол.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ