Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэсний учир
Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа. Түүнийг энэ өндөр албан тушаалд томилогдсоны дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, прокурорын байгууллагыг яаж удирдаж ажиллахыг би заахгүй. Иргэд ерөнхий прокуророос юу хүсээд байгааг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Шударга ёсыг тогтоохын тулд сайн ажиллаарай хэмээн нөхөрсгөөр захижээ. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийн илэн далангүй ярилцлага хийх хүсэлтэд нэлээд ээрэгдсэн ерөнхий прокурор хийсэн ажилтай, хэлэх үгтэй болох өдрөө хүлээсээр УИХ, орон нутгийн сонгууль өнгөрсний маргааш буюу өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй нүүр тулж уулзсан юм.
Тэрээр өмнөх прокуроруудын амнаас сонсож байсан жаргал, зовлонгийнхоо зах зухаас нь ч амсаж. Харин улс төрийн шалтгаанаар дээрээс дарамт шахалт ирж байгаагүй гэдгийг онцлов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албанаас ерөнхий прокуророор томилогдсоныг нь улс төрийн өнцгөөс харах зарим улстөрч байсан ч 90 оноос Монголд ардчилал, шударга ёс тогтоохын төлөө бие, сэтгэлээ зориулж ирсэн болохоор угаасаа хуульч хүний хувьд УЕПГ таньж мэдэхгүй ертөнц байсангүй. Түүний шинэ ажлын гараа прокурорын ажлын нөхцөл байдалтай танилцахаас эхэлжээ. Хот, хөдөөд прокуроруудын ажлын ачаалал өдөр, шөнө шиг ялгаатай байлаа. Нийслэлийн прокурорууд хавтаст хэргүүдийнхээ дорооос өндийхгүй шахам, хөдөөнийх нь хэргийн газрын үзлэгт явахын тулд замын унаанд дайгдах нь энүүхэнд. Иймээс прокурорын бүх машиныг шинэчилж, өнгөрсөн онд 148 хүн гадаадад ном үзэж, туршлага судалсан байна. 108 прокурорыг орон сууцтай болгох зорилт тавиад 50-60 хувийн биелэлттэй байгаа төдийгүй нэг аймагт таваас доошгүй айлын байр барих ажээ. Прокурорын ажлын тал хувь нь дандаа захиргааны шинжтэй бичиг хэргийн ажил эзэлж байгааг багасгах үүднээс туслахын орон тоо, төсвийг УИХ-аар батлуулж, элдэв бичиг сачгийн ажлыг зөвхөн туслахууд гүйцэтгэж, тэдгээрт нь прокурор хяналт тавихаар ажлын ачааллыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс тэнцвэржүүлэх хуваарьт шилжүүлэхээр төлөвлөжээ. Эс тэгвэл даруй 200 прокурорын орон тоо нэмж бий болгох шаардлага тулгарах байж. Сайн туслах хэдэн жил ажиллаад прокурор болоход дээрх ажлууд үндэс суурь болно. Прокурорын давтан сургалтын төвийг Францын жишгээр байгуулахаар Засгийн газарт санал оруулан хэрэгжүүлж эхлээд байна. Ялангуяа прокурорын удирдах ажилтныг бэлтгэх асуудал нэлээд орхигдож, хуулийн мэдлэгээс гадна хүний төрөлхийн мөн чанарт нь тулгуурлаж бэлтгэх арга барилд шилжих шаардлага тавигдаж буйг ерөнхий прокурор онцолж байна. Үүнд прокурорын удирдах ажилтны улсын зөвлөгөөн бодит хувь нэмэр оруулна гэж үзэн бэлтгэж эхэлжээ.
Дээд шатны прокурор доод шатны албан тушаалтнуудынхаа хэрэг шийдэхэд өөрийнхөө үзэмжээр хөндлөнгөөс оролцдог байдал хавтгайрсныг болиулж, ямар ч прокурор шийдсэн хэргээ хариуцдаг байх зарчимд шилжүүлсэн байна. Тус байгууллага жендерийн асуудалд тэгтлээ ач холбогдол өгсөн юм уу, нийт прокурорын 60-70 хувь нь эмэгтэй, нийслэлийн дүүргүүдэд ажилласаар хөдөөний амьдрал мэдэхгүй удирдах ажилтнууд ч цөөнгүй байж. Үүнийг ерөнхий прокурорын сэлгэн ажиллуулах тухай тушаалаар ажил амьдралын туршлага суулгахад нь анхаарч ажиллуулж байна. Цаашилбал ялын бодлогыг ч шинэчлэх шаардлагатай байна. Энэ асуудал Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн шүүхийн шинэчлэлийн хүрээнд боловсруулж байгаа багц хуулиудаар шийдвэрлэгдэх юм байна. Үүнд прокурорын байгууллага тодорхой санал бэлтгэн оруулж байгаа аж. Ер нь нэг этгээдийг шийтгээд ял эдлүүлэх хүртэл хуулийн дөрвөн байгууллага дамждаг юм байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор гүйцэтгэдэг. 2011 оноос мөрдөн шалгах ажиллагааны зааварчилгаа боловсруулан баталсны дагуу мөрдөн байцаагчид хууль зөрчих, хүний эрх зөрчих, гэрчийг дарамтад оруулах явдлыг арилгах арга хэмжээ авч эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад учрах бодит бэрхшээл бол эрхэм гишүүдийн баталсан УИХ-ын гишүүн гэмт үйлдэл дээрээ гардуулаагүй л бол хэрэг үүсгэж болохгүй тухай заалт ихээхэн чөдөр тушаа болж буйг нуусангүй. Энэ заалтыг Үндсэн хуулийн цэц хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёсонд харшилсан гэж үзсэн авч орных нь хууль гараагүй учраас онгорхой хэвээр байна. Энэ бол хуулийн цоорхой гэнэ.
Өөр нэг цоорхой бол иргэдийг танаж чагнах асуудал. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэтгэх ажлын шугамаар хэрэгжүүлдэг энэ ажилд прокурор хяналт тавьдаг байсныг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагынхан хэрэг бүртгэж эхлээгүй нөхцөлд өөрсдөө ийм үйл ажиллагаа явуулж болохыг хуульд тусгуулснаар холбогдох албан тушаалтнууд цуглуулсан мэдээллээ хувийн зорилгод ашиглах явдал гарсаар байгаа ажээ. Энэ бол Үндсэн хуульд заасан иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн боловч яах аргагүй хуулийн цоорхой хэвээр байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэсэн үгийн агуулга үүнтэй шууд холбоотой бөгөөд тэд мэдээллээ улстөрчдөд дамжуулах, тэр ч байтугай гадаадынхны гар хөл болох сэжим илэрсэн тул одоо цагдаагийн байгууллагыг шинэ залуу, элдэв хар мөргүй боловсон хүчнээр бэхжүүлэх бодлогыг түлхүү баримталж байгаа нь нийт хууль хяналтын байгууллагын ашиг сонирхолд нийцэж байна. Хувь хүний мэдээллийг ашиг хонжоо олох, өс хонзон авах хэрэгсэл болгодог нь сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн дээд хүрээнийхний нэгэн явуургүй арга барил болсон нь нийгэмд ч нууц биш билээ. Энэ цоорхойг шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд бөглөх юм байна.
Нийгэмд хавтгайрсан албан тушаалтны зонхилох хэргүүд бол улсын төсвийн хөрөнгөөр томоохон тендер аваад шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хувь хүртээдэг. Ингээд он жил өнжөөсний эцэст дахин зардлаа нэмүүлдэг луйвар газар авсан нь нийгэмд нэгэнт бий болсон ч толгой дараалан шоронд суулгаад байлтай биш хэмээн Д.Дорлигжав прокурор сэтгэл эмзэглэж байна. Том албан тушаалтны улсын хөрөнгө мөнгө завшдаг гол арга барил энэ бололтой.
Хүний эрхийг зөрчдөг түгээмэл үйлдэл бол мөрдөн байцаагч хүнийг дуртай цагтаа дуудаж байцаадаг явдал. Эхлээд нотлох баримтуудыг цуглуулж, эцэст нь дуудаж байцаалт авах учиртайг хуульчлах цаг болжээ. Дуудаж байцаана гэдэг бол мөрдөн шалгах ажиллагааны сүүлчийн шат байх ёстой юм байна. Гэтэл манайхан хамгийн түрүүнд дуудаж байцаадаг нь гэм биш зан, гэнэт биш хууч. Үүнд байцаан шийтгэх тухай хуулийг шинэчлэн боловсруулахдаа цэг тавихаар зэхэж байна. Цагдан хорих бол онцгой тохиолдол. Гэтэл хүнийг хэдэн сар хориод байцаалт авдаггүй, шоронд хийгээд мартдаг тохиолдол гардаг нь харамсалтай. Хорих ялаар шийтгүүлээд хоригдож буй хүний хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш жил хоёр сарын дараа сулласан тохиолдол гарсан нь бултахын аргагүй үнэн аж. Иймээс прокурорын ёс зүйн асуудлаар хатуу хариуцлага тооцож байна.
Өнгөрсөн жил ял эдлүүлэх ажиллагаанд прокурорын хяналт тавих зааварчилгаа гарган мөрдөж эхэлжээ. Амьдрал дээр иргэний шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил ихээхэн хойрго байна. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлд эрс шинэчлэл хийж, гадаадын туршлагаар хувийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх арга ч байж болох ажээ. Хадгадамж зээлийн хоршоодын битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах ажил тун хангалтгүй байгаа нь уг эд хөрөнгийн эзэн үнэ тогтоох эрхтэй гэдгээс их төлөв шалтгаалж байна. Гэтэл ашигтай обьектууд аль эрт зарагдаж, хэдийнэ эзэнтэй болоод байдаг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа но-той болохыг илтгэнэ. Харамсалтай нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг албадаж болдоггүй аж. Нөгөө талдаа хохирогчийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас ихэнхдээ үүдэлтэй байдаг аж. Цаашид ялын бодлогод их хэмжээний хохирол учруулсан этгээдийг хохирлын хэмжээтэй нь дүйцүүлэн ял онооё гэсэн заалтыг багц хуулийн шинэчлэлд тусгаж өгөхөөр зорьж байна.
Мөн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг хавтгайрсан практик нь прокурорын үүрэг хариуцлагыг сулруулж байна. Прокурор хэрэг гэж үзээд нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг зөвшөөрч, хавтаст хэргийг материалыг бүрдүүлсэн бол шүүгч хуульд харшилж буйг магадлан ял оноох эсэхээ шиййдэх ёстой атал заавал гэмт хэрэг болгох гэсэн юм шиг буцаах нь зохимжгүй учраас хуульд таслан зогсоохоор төлөвлөж байгаа ажээ. Мөн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхийн шүүгч ямар ч тайлбаргүйгээр хэрэгсэхгүй болгодог хэт газар авсан үйлдлүүд ял завших явдлыг өөгшүүлж байна. Энэ бол жинхэнэ хуулийн хүрээнд байж боломгүй харанхуй балмад явдал учраас үүнийг зогсоох цаг болжээ гэдгийг ерөнхий прокурор цохон тэмдэглэв.
Ерөнхий прокурорын илэн далангүй ярианаас прокурорын байгууллагын гал тогоо болон шүүхийн шинэчлэлийн асуудлыг тойрсон олон эмзэг сэдэв, зарим болж өнгөрсөн ярвигтай асуудлын талаар цөөнгүй зүйлийг сэтгүүлчид олж мэдлээ. Ялангуяа өмнөх жилүүдэд улс төрийн зорилгоор хуулийн байгууллагад дээрээс гар дүрдэг явдал ужгирсан бол нийгэмд ямар их хор уршиг тарих байсныг цөөхөн жишээнээс харж болно. Энэ бүхнийг энд нурших нь илүүц биз. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагар боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзшийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний хөтөлбөрийн талаар үргэлжлүүлэн танилцуулах болно.
Х.Ариунбаатар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ