
ОХУ-ын Улаан-Үд хотноо 2011 оны 6 сард болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн Монгол - Оросын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны Протоколыг үндэслэн Монгол - Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, эрх зүйн бусад нэн таатай нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааны 2011-2012 оны хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол - Оросын улсын хилийн Ханх – Монд, Бага - Илэнх – Айнек - Гол, Зэлтэр – Желтура, Сүхбаатар – Наушки, Алтанбулаг – Хиагт боомтуудад Монгол - Оросын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 12-18-ны өдрүүдэд хамтарсан мониторинг хийв.
Хамтарсан мониторингийн явцад ажлын хэсгүүд дээрх хилийн боомтуудын хөгжлийн өнөөгийн байдал, хилийн хяналт шалгалтын байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн ажиллах нөхцөл болон хилийн боомтын тохижилттой холбоотой асуудалтай цогц байдлаар танилцаж, харилцан мэдээлэл хийж, боомтуудыг олон улсын жишигт хүргэж, ижил түвшинд хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хооронд нь уялдуулах асуудлаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Хоёр талын ажлын хэсгийн хамтарсан хуралдааныг 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн төвд хийж, монголын талын ажлын хэсгийн ахлагч, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын Хил, хилийн боомтын тасгийн дарга Р.Бизьяа, оросын талын ажлын хэсгийн ахлагч, Оросын Холбооны Улсын хилийн тохижилтийн төрийн бодлогыг удирдах газрын орлогч дарга Е.А.Раймхен нар хамтарсан мониторингийн дүнгийн Протоколд гарын үсэг зурав. Протоколд хоёр талын боомтуудыг олон улсын жишигт хүргэж, ижил түвшинд хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хооронд нь уялдуулах талаар хоёр талын эрх бүхий байгууллагууд цаашид хамтран ажиллах чиглэл, арга хэмжээний талаар тусгав.
Хамтарсан мониторинг нь хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш анх удаа болох гэж буй Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд болж буй арга хэмжээ бөгөөд монгол – оросын улсын хилд анх удаа хийгдсэнээрээ онцлог арга хэмжээ болов.Түүнчлэн дээрх арга хэмжээ нь шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, хилийн боомтын шинэчлэл хийх, хил орчмын худалдааг дэмжиж, орон нутгийн иргэдийн түр хугацаагаар хил нэвтрэх боломжийг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох юм хэмээн
Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ