
Оросын улсын Думын батлан хамгаалахын асуудал эрхэлсэн хороо цэрэгт алба хаах хугацааг жил хагас болгон нэмэгдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугаас хүсэх бодолтой байна. Тус хорооны тэргүүн Владимир Комоедов “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, алба хаах хугацааг богиносгосон нь улс төрийн шийдвэр байсан бөгөөд армийн байлдааны бэлэн байдалд муугаар нөлөөлсөн юм гэж мэдэгджээ. “Хэрвээ сургалтын хугацааг эс тооцвол, бие бүрэлдэхүүн хагас жил алба хаагаад халагдаж байна. Тал нь үлдэж, тал нь халагдаж, оронд нь бас нэг хэсэг бэлтгэлгүй цэрэг ирдэг. Ингэснээр байнгын байлдааны бэлэн байдалгүй арми бий болж байна” гэж Комоедов хэлжээ. Армийг гэрээт албанд шилжүүлж байгаа нь асуудлыг шийдэхгүй, учир нь армид тодорхой тооны бэлтгэл цэрэг яалт ч үгүй хэрэгтэй гэж депутат үзэж байна.
Түүний санааг дэмжиж буй хүмүүс гарч ирсэн бөгөөд жишээ нь Владмир Путиний сонгуулийн өмнөх штабын тэргүүн байсан найруулагч Станислав Говорухин алба хаах хугацааг нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд “Ганцхан жил алба хаах хугацаа бол ёстой инээдэмтэй явдал” гэж хэлжээ. Оросын цэрэгт алба хаах хугацааг 2006 онд нэг жил болгон богиносгосон (түрүүнд нь хоёр жил байсан) билээ. Энэ шийдвэр нь армийг гэрээт албанд аажмаар шилжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой ажээ. 2018 он гэхэд Оросын армид хугацаат цэргийн албан хаагчдын 15-аас илүүгүй хувьнь үлдэж, бусад нь цэргийн албан хаагч гэрээгээр алба хаах ёстой гэж Дмитрий Медведев 2012 оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ