
ОХУ-ын Ханты-Мансийск хотноо эмэгтэй шатарчдын ДАШТ үргэлжлэн явагдаж байна. ДАШТ-ий IV шатны тоглолтууд өчигдөр болж шөвгийн дөрөвт өрсөлдөх шатарчдын нэр тодорлоо.
Дэлхийн аварга БНХАУ-ын их мастер Хоү Ифань, дэлхийн чансааг тэргүүлэгч Энэтхэгийн Хумпи Конеру нар хоёрдугаар тойрогт Польшийн М.Сочко, Украины Н.Жукова нарт хожигдсон тул шинээр дэлхийн 15 дахь аварга төрж магадгүй болоод байгаа. Мөн дэлхийн аварга цолыг хүртэж явсан Жү Чень, Александра Костенюк нар ч хоёрын даваанаас хэтэрсэнгүй. Харин 2004-2006 онд дэлхийн аварга цолыг эзэмшсэн Антоанета Стефанова ганцаараа аваргуудын нэр нүүрийг хамгаалахаар үлджээ.
Шатрын ДАШТ. Шөвгийн найм:
Анна Ушенина (Украин) – Надежда Косинцева (ОХУ) 1,5:0,5
Антоанета Стефанова (Болгар) – Мари Себаг (Франц) 3:1
(нэмэлт тоглолт)
Харика Дронавалли (Энэтхэг) – Жао Сюй (БНХАУ) 2,5:1,5
(нэмэлт тоглолт)
Жү Веньжүнь (БНХАУ) – Хуан Чянь (БНХАУ) 3,5:2,5 (нэмэлт тоглолт)
V тойрогт А.Стефанова Х.Дронаваллитай, А.Ушенина Ж.Веньжүньтэй өнөөдрөөс тоглож эхэлнэ. Дэлхийн шилдэг 64 эмэгтэй шатарчин өрсөлдөж буй энэхүү тэмцээн арванхоёрдугаар сарын 2-нд өндөрлөх юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ