
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ээлжит зочноор АНУ-ын Стенфордын их сургуулийн профессор, удирдаач, хөгжим судлаач ноён ЖинДон Кей уригджээ. Тэрбээр энэ сарын 24-ний өдөр буюу маргааш тус театрын тайзнаа Дж.Вердийн “Реквием”-ийг удирдан тоглуулахаар ирсэн ажээ. Ноён Жин Дон Кей өмнө нь Дж.Вердийн “Реквием”-ийг БНХАУ, АНУ, Австрали зэрэг улсад, УДБЭТ-ын тайзнаа Ж.Бизегийн “Кармен”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур”, Дж.Вердийн “Аида” зэрэг бүтээлийг амжилттай удирдан тоглуулж байсан аж. Мөн энэ удаагийн айлчлалаар ирэх сарын 24-26-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотын “Grand Theater”-ийн тайзнаа П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжги н жүжигт Монголын 150 уран бүтээлчийг тоглуулах бэлтгэл ажилтай танилцах, 2014 оны гуравдугаар сард Стенфордын их сургуулийн театрт Дж.Вердийн “Аида” дуурийн гоцлоочдыг тоглуулах зэрэг хамтын ажиллагааны төслүүдийнхээ урьдчилсан төлөвлөгөөг гаргахаар ирсэн гэнэ. Түүнчлэн ирэх онд БНХАУ-ын Тяньжин хотын “Grand Theater”-т Дж.Вердийн “Аида” дуурийг тоглуулах талаар ярилцахаар ирсэн аж. УДБЭТ-ийн тайзнаа удахгүй тоглогдох Дж.Вердийн “Реквием”-ийн бэлтгэлээ дуусаад хэсэг амсхийх зуур түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-УДБЭТ-ийн хамт олон маргааш Дж.Вердийн “Реквием”-ийг таны удирдлаган дор үзэгчдийн хүртээл болно. Энэхүү бүтээлийн онцлог нь юу вэ?
- Дж.Вердийн бүтээлийг тоглох нь Азийн сонгодог урлагийн хувьд маш шинэлэг бүтээл. Католик шашинд тулгуурлан бүтээгдсэн, хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийг харуулсан бүтээл. Хөгжим тоглож чаддаг жирийн нэг уран бүтээлчид тоглоод байхааргүй зохиол л доо. Тиймээс тухайн уран бүтээлчид уг бүтээлийн түүхийг, зохиогчийн сэтгэл хөдлөл, утга агуулгыг зүрх сэтгэлээсээ ойлгож мэдэрч байж тоглох ёстой. Эс тэгвэл энэ бүтээл үзэгчдэд хүрэхгүй. Би монголд сүүлийн хоёр жил гурав дахь удаагаа ирж байна. Монголын дуурийн уран бүтээлчдийн ур чадвар маш сайн. Ялангуяа симфони хөгжимчдынх бүүр ч илүү. Техник сайтай. Уран бүтээлээ бататгахын тулд маш их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийдэг юм билээ.
-Тэгвэл Монголын дуурийн театрын уран бүтээлчид дэлхийд үнэлэгдэхүйц ур чадвартай гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Дж.Вердийн дуурийг тоглодог театр нь жирийн дуурийн театраас илүү, дээд түвшний уран бүтээлчид гэж ойлгож болно. Тодруулбал, ноот гэдэг хөгжмийн зохиолчийн тэмдэглэл юм. Харин тэрхүү тэмдэглэлийг хөгжмийн бүтээл болгон үзэгчдийн сонорт хүргэх нь тухайн уран бүтээлчийн ур чадвартай шууд холбоотой. Дохиж байгаа удирдаач, ноотоо харан тоглож байгаа уран бүтээлчид зүрх сэтгэлдээ уг бүтээлээ яаж ойлгоно, тэр хэрээр өөр өөр тоглолтыг үзүүлж байдаг. Тиймдээ ч сонгодог урлагийн уран бүтээлчид илүү сайн тоглолт, илүү сайн бүтээл хийхийн төлөө байнга хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийж байдаг. Сонгодог урлагийнхан гэдэг “Төгс төгөлдөрийн төлөө шуналтайгаар тэмүүлдэг хүмүүс”. Монголын уран бүтээлчид ингэж л шунан тэмүүлдэгтээ илүү сайн бүтээл гаргаж чаддаг гэж бодож байна.
-Ирэх сард БНХАУ-ын Теньжин хотод тоглолттой гэж байсан. Энэ талаараа тодруулаач?
-Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид БНХАУ-д өөрийн улсын сонгодог урлагаа сурталчилахаар явж байгаа гэж ойлгож болно. Зул сарын үеэр таарсан тул П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг “Grand Theater”-ийн тайзнаа тоглоно. Гурван удаа тоглох уг тоглолтын хоёрыг нь миний удирдлаган дор үзэгчдийн хүртээл болгох юм. Уг тоглолтод 150 хүний бүрэлдэхүүнтэй баг явна. Урлаг бол барьцгүй. Хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, таашаал төрүүлдэг зүйл. Тиймээс тоглолтыг жинхэнэ утгаар нь тоглож үзүүлэхийн тулд ийм олон хүнтэй нүсэр баг явахаар болсон. Ингэж байж үзэгчдэд төдийгүй уран бүтээлч өөртөө гайхалтай мэдрэмж, эрч хүчийг авч чадна.

П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ