САРС-тай төстэй шинэ вирусын улмаас зургаан хүн нас баржээ

img

Өнгөрөгч есдүгээр сард САРС-тай төстэй шинэ төрлийн вирус гарч дахин  олон нийтийг хамарсан хам шинж болох нь хэмээн Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагаас мэдэгдэж байсан. Харин дэлхий нийтийг цочрол оруулаад байсан энэхүү вирусээр ойрын өдрүүдэд Саудын Арабт хоёр, Катарт 4 нийтдээ зургаан хүн нас барсан мэдээг Ройтерс агентлагаас ирүүлээд байна. Катарт нас барсан хүмүүсийн хоёр нь нэг гэр бүлийн гишүүд байжээ. Тиймээс энэ халдвар агаар дуслын замаар хурдан халдварладаг байж болох юм. НҮБ-ын эрүүл мэндийн агентлаг үл мэдэгдэх шалтгаанаар нас  барсан хүмүүст шинжилгээ хийж үзэхэд шинэ төрлийн вирусаар өвчилсөн болох нь тогтоогджээ. Одоогоор нас барсан хүний тоо хязгаартай байгаа ч хурдан хугацаанд өсч олныг хамарсан хам шинж болохоос аль болох сэрэмжлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Амь насаа алдсан тохиолдол зургаа байгаа боловч энэ вирусээр халдварласан хэчнээн хүн байгааг хараахан тогтоогоогүй байгаа. Одоогийн байдлаар вирусаар өвчилсөн дөрвөн хүн эмнэлгийн хяналтад байгаа хэмээн ДЭМБ-аас мэдээ ирүүлсэн байна. Энэхүү шинэ төрлийн вирус нь амьсгалын замын короновирусаар халдварладаг САРС-тай нэлээд төстэй аж. 2002 онд Хятадыг бүхэлд нь хамарсан гэж хэлж болохуйц САРС-ийн халдвар хамгийн олон хүнийг  хамарсан шинэ үеийн хам шинж байсан.  Энэ халдвараар нийтдээ найман  мянга гаруй хүн өвчилсөн юм. Шинэ төрлийн вирус нь өндөр хэмээр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Халдварын эсрэг дархлаажуулалтын вакцин гарган авахаар Английн Эрүүл мэндийг хамгаалах агентлагийн эрдэмтэд Герман улсад ажиллаж байна. Одоогоор энэ вирус тогтсон нэршилгүй байгаа бөгөөд эрдэмтэд “CoV 2012” хэмээн тодорхойлоод байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ