Энэтхэгийн Дарамсала хотод 14 настай ахлах сургуулийн сурагч, түвд охин эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө зулын гол боллоо. Бяцхан охины инээмсэглэн авахуулсан зургийн хажууд, түүнийг хэрхэн халуун галд тарчлан амиа өргөснийг харуулсан зургийг бусад зулын гол болсон хүмүүсийн гэрэл зурагтай самбаруудад мөнхөлж Дарамсала хотноо байрлах Далай ламын хийд рүү хүрэх замын хажуугаар эгнүүлэн тавьжээ.
Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ хагас зууны тэртээ алдагдсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахаар тэмцэж буй түвдүүд лаа асааж, түвдийн туг, Далай ламынхаа зургийг барин “Free Tibet” хэмээн уриалан жагссаар байна. Газар нутаг, эрх чөлөөгөө алдаж, Хятадын түвд гэсэн статусыг үл хүлээн зөвшөөрөх тэд их гүрний харгислалын өмнө хүчин мөхөсдөхдөө бусад улс орноос аврал эрж, тэдний сонорт өөрсдийн өнөөгийн байдлыг хүргэх гэсэндээ алтан амиа ийн хэдэн арваараа золиослох эмгэнэлт замыг сонгож, дэлхий дахиныг сэртхийлгэж байна.
Алтан амиа өргөгсдийн тоо өдгөө 80 орчим болоод байгаа. Ах, дүү, найз нөхдөө түвдийн эрх чөлөөний төлөө гашлантайгаар тарчилж, амиа халуун галд өргөхийг харж буй эдгээр түвдүүд Хятадын мэдэлд бүрэн орсон эх орноосоо дүрвэн, Дарамсала руу ирэх дээ хоёр сарын турш Гималайн эгц уулсын нугачаагаар буюу далайн төвшнөөс 5-6 мянган метрийн өндөрт байрлах мөсөн дээр хоноглож, явган алхсаар ирдэг.
Амь дүйсэн энэ замд гарахаар хилээр гарч чадалгүй олон мянган түвдүүд баригдаж, аз тохиосон цөөн хэсэг нь хилээр оргон зайлж чадсан хэдий ч замдаа осгох, уулын хавцал руу унах, төөрч ан амьтны хоол болох зэргээр амиа алдах нь олонтой. Хатуу чанга хамгаалалтай Хятадын хилээр түвдүүд нэвтрэн гарахад нэн бэрх тул тэднийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх бизнес хүчээ аваад байгаа гэдэг.
Тэд түвдүүдийг хилээр асар өндөр үнээр Хятадын чанга харуул, хамгаалалтаас гаргадаг бөгөөд эх орноосоо багахан бингээс өөр хүнсгүй шахам хүнд аян замд өлсөж үхэхээс арай наахнуур байгалийн хүнд шалгууртай тэмцсээр Балбын хилээр нэвтэрч, тэдэнд туслах Олон улсын байгууллагынхантай холбогдож чадвал сая айх зүйлсээ ардаа орхилоо хэмээн боддог гэж Дарамсалад дүрвэн ирсэн түвдүүд хаа нэг итгэсэн хүндээ ярьдаг.
Тэд хятадуудын мөрдлөг, мөшгилтөөс үүдэн амь эрсдсэн замыг туулж, зорьсон газраа хүрснээ ар гэрийнхэндээ дуулгаж чадалгүй, 2-3 жилийн дараа мэнд байгаагаа дуулгадаг гэв. Дарамсала хотноо түвдүүдийг ирэхэд Түвдийн цагаачлалын Засгийн газраас англи хэл, ерөнхий мэдлэгийн хичээл гэх мэт боловсрол олгож, ажлын байраар хангахыг эрэлхийлдэг. Түвдүүд англи, хятад, монгол хэлээр ярихын зэрэгцээ босоо монгол бичгийг эрхэмлэн хэрэглэдэг бөгөөд монгол зан заншил, уламжлал соёлын өвийг хадгалж, үүний төлөө тэмцсээр ирсэн. Тэд “Аливаа улсыг устган үгүй хийхийг хүсвэл хамгийн түрүүнд уламжлалт соёлыг нь үгүй хийдэг. Тиймээс бид өөрсдийн өвөг дээдсийн өвийг хэдий хүнд хэцүү байдалтай байгаа ч бүхнээс эрхэмд тооцож, хамгаалсаар байгаа. Ар Монголд бидний энэ байдлын талаар бага ойлголттой байдаг. Өдгөө түвдийн хүн ам тав, буриад орчимд байгаа бусад монгол үндэстнүүд гурав, ар Монголд 2.7 саяд хүрээд байгаа. Энэ бүх монголчууд нэгдэж чадвал Монгол хамгийн хүчирхэг гүрэн болох боломжтой. Хүн ам ийн олны дээр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гэгдэж буй хятадуудын хийж буй бүх зүйлийг түвдүүд, Оросын бүх хөгжлийн нууцыг буриадууд мэднэ” гэлцдэг юм билээ. Өнөөдөр 1.3 тэрбум хүн дунд уусан нэгдэх дөхөж байгаа эх орон нэгтнүүдийнхээ автономит засагтай болохыг хүсэж буй дуу хоолойг дэлхий дахинд хүргэхийг хичээсээр байгаа түвдүүдийн энэ байдал хэзээ нэгэн цагт биднийг ч мөн дайрч байсан билээ.
С.Энхзаяа