Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд санал авна

img

Монгол Улсын Засгийн газраас сургуулийн өмнөх боловсролын асуудлыг анхааралдаа авч, цэцэрлэгийн тоо, хүчин чадлын хэмжээг эрс нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа. Харин уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд үйлчлэх “хүүхэд харах үйлчилгээ”-г нэвтрүүлэх болсон юм. Тодруулбал, уг үйлчилгээ нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах, хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ байх аж.   Мөн хүүхдийг эрүүл, аюулгүй, найдвартай харж, асарч, хамгаалж, хөгжүүлэх шаардлагыг хангаж, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ явуулахыг зөвшөөрч байгаа тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно. Түүнчлэн нөхцөл шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийг ажлын 1-5 хоногт багтаан чирэгдэлгүйгээр, нэг цэгээс олгох аж. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрх авахад эцэг эхээс зөвшөөрөл авах, үйлчилгээнд байнгын хяналт тавих, үйлчилгээг зогсоох хүртэл бүх эрхийг хуулиар эцэг эхэд олгох гэх мэт асуудлуудыг хуульчлах асуудал яригдаж буй.   Тиймээс уг үйлчилгээний хуулийн төсөл, зохицуулалтын журмыг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж, хянан эцэслэн шийдвэрлэх аж. Иймд энэхүү хэлэлцүүлэгт иргэд оролцож, өөрийн санал, зөвлөмжийг БШУЯ-ны info@mecs.gov.mn, gantulga@mecs.gov.mn , jmyagmar@mecs.gov.mn гэсэн хаягаар өгөх боломжтой юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оролцогч:
Хөлсийг нэгдсэн журмаар тогтоох,1-10 хүүхэд харах хөлс хүүхэд нэмэгдэх тутам өөр байх. Хариуцлагыг тодорхой заах,эрүүл мэндийн үзлэг нарийн хийгдэх гээд их юм байна. Аль нэг ааштай хүмүүсийн зоргоор явахгүй байлгах.
2012-11-25