Анод банкны удирдлагуудад найман жилийн ял төлөвлөжээ
Банкны 1200 гаруй хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдсан ТУЗ-ын гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд яг одоо болж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3, 143 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.
Уг хэрэгт Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан нар холбогдоод цагаатсан юм. Эх сурвалжийн мэдээллээр тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхантай хамтран ажилласан тус хорооны гишүүд болох Б.Шаравсамбуу, Д.Дүгэржав нарыг нэмж шалгах шаардлагатай гэж хяналтын прокурор үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгасан боловч холбогдолгүй гэж прокуpор үзсэн байна.
Харин “Анод” банкны удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 буюу банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйлчлэлээр хэрэгт татан тус бүр найман жилийн хорих ялыг хяналтын прокурор нь төлөвлөжээ.
Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар Анод банкнаас хуурамч IPO гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн болохыг нь мөрдөн байцаагчид тогтоосон гэсэн мэдээлэл бий ч тэд хэргээс мултарсан юм.
Харин хохирогчдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох талаар хуралдаж, шийдвэр гаргахыг хүссэн албан тоотыг УМБГ-аас хүргүүлж байсан аж.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэж мэдэгдэж хэргийг сунжруулсан гэсэн гомдлыг хэргийг шалгах явцад хохирогчид гаргаж байсан гэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ