
Бразилын ерөнхийлөгч Дилма Руссефф засгийн газрын хамгийн ээдрээтэй асуудал болох авилга хээл хахуулын асуудлаас болж хэд хэдэн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх арга хэмжээ авч, хэрэгт татжээ.
Тэдгээр ажлаас халагдсан албан тушаалтнууд нь эрх үүргийнхээ хувьд нэлээд өндөр алба хашдаг эрхмүүд байсан юм. Авилгачид Бразилын томоохонд тооцогдох Сан Пауло хотын дээгүүр эрх мэдэлтнүүд төдийгүй томоохон бизнес эрхлэгчидтэй холбоотой ажилладаг болохыг олж мэджээ. Авилга авсан гэх тэдгээр албан тушаалтнуудын үйлдэл хэд хэдэн тодохой баримтаар батлагдсан тул ийнхүү албан тушаалаасаа халагдаж шийтгэл, зэмлэл хүлээхэд хүрчээ. Гэвч дээрх эрхмүүд одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.
Бразилын авилгын хэрэг өмнөх засгийн газрын үеэс л тус улсын толгойн өвчин болсоор ирсэн. Өмнөх засгийн газрын хэд хэдэн гишүүд ч энэ төрлийн хэргээр ял шийтгэл авч байсан удаатай.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү арга хэмжээ нь дараа дараагийн дээд эрх мэдэл бүхий дарга нарт томоохон сургамж болохуйц сануулга болсон байх хэмээсэн юм. Цаашдаа ч энэ мэт авилгын хэрэгтэй тэмцэж, авилга авч, төрийн хөрөнгөнөөс шамшигдуулсан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцно гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гаригт мөн цагдаа нар зургаан хүнийг авилгын хэргээр баривчилсан. Тэдгээр хүмүүс улсын мөнгөнөөс хувьдаа завшсан хэмээн шалгуулахаар болсон юм. Энэ нь ч нэлээд үндэслэлтэй хэмээгээд батлагдсан тохиолдолд завшсан хөрөнгийг эргүүлэн төлөх аж. Баривчлагдсан хүмүүсийн дунд ах дүү хоёр байсан бөгөөд дүү нь хотын удирдлагад дээгүүр албан тушаал хашдаг байжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ