Stylest-Make up Artist хэмээх өвөрмөц мэргэжил эзэмшин хийх, бүтээхийн зорилго, тэмүүллээр дүүрэн байгаа энэ бүсгүйг Өнөрбаярын Хишиг-Өлзий гэдэг.
Түүний төгсөж ирсэн Солонгосын “Daeduk” хэмээх урлагийн их сургууль нь Солонгос улсдаа эхний топ гурван сургуулийн нэг агаад харин тэрбээр Stylest-Make up Artist мэргэжил эзэмшин ирсэн анхны монгол гэдгээрээ онцлогтой юм.
Уншигчдадаа бяцхан нууц задлахад Хишиг-Өлзий маань Монголын нэрийг дэлхийн тавцанд олонтаа цуурайтуулсан, цуурайтуулж яваа авьяаслаг, гоо бүсгүй, загвар өмсөгч Буянхишигийн төрсөн дүү юм.
Та нар хар даа, үнэхээр адилхан байгаа биз дээ.
-Stylest-Make up Artist гэж чухам ямар мэргэжил болох талаар яриагаа эхлэх үү?
-Тэгье. Баярлалаа. Юуны өмнө уншигчдадаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ хорвоогийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй бүгд төгс үзэсгэлэнтэй ч бас дутагдал бий. Харин миний эзэмшсэн мэргэжил бол өөг нь дарж, үзэсгэлэнг нь улам тодруулж өгөх урлаг юм. Нэг үгээр хэлбэл үүнийг л Stylest-Make up Artist урлаг гээд байгаа юм шүү дээ.
-Гадаадад бол чиний эзэмшсэн энэ мэргэжил маш үнэтэй төдийгүй нэр хүндтэй. Олны танил эрхмүүд дэргэдээ өндөр үнээр ажиллуулдаг гэж сонссон. Харин Монголд хэр хүлээн авч байна вэ?
-Манай Монгол Улс маш эрчимтэй хөгжиж байна. Үүний адилаар Stylest-Make up Artist мэргэжлийн онцлог, үнэ цэнийг ойлгож байна. Stylest-Make up Artist мэргэжил нь хүнийг төгс сайхан болоход тусалдаг гэж энгийнээр ойлгож болох юм. Жишээлбэл, тухайн хүн улаан хивсний ёслол, хурим найр гээд олон талын үйл ажиллагаан дээр биеэ хэрхэн авч явж бусдад сайхан харагдах вэ гэдэгт л миний мэргэжил тусална. Миний бие нүүр будалт тэр дундаа хуримын будалтыг зонхилон сонгож хийдэг. Гэхдээ хуримын будалт гэж явцуурахгүй өдөр тутмын амьдрал дээр хэрхэн сайхан харагдах, ямар өнгийн хувцас сонгож өмсвөл дээр вэ, хоолоо хэрхэн зөв соёлтой идэх, хүнтэй уулзаад хэрхэн мэндлэх талаар сургалт явуулж байна.
Ер нь бизнесмэн хүмүүст анхны уулзалт, яриа болон мэндлэхээс их зүйл шалтгаалдаг. Бүр цаашид хамтран ажиллах харилцааны 80 хувь нь анхны уулзалтаас шалтгаалдаг гэж ярьдаг. Тиймээс энэ бүх тал дээр анхаарч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй юм
-Хүн болгоныг гоё болоосой, гоё харагдаасай гэж үнэн сэтгэлээсээ зорьж, хичээж яваа будаг нь ханхалсан шинэхэн мэргэжилтэнтэй уулзсандаа олзуурхаж байна. Ихэнх хүн надад ямар өнгийн хувцас зохих бол, эмэгтэйчүүд болохоор ямар өнгөөр нүдээ будвал сайхан харагдах бол гээд янз бүрийн асуудалтай тулгардаг. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцана уу?
Өөртөө тохирох өнгийг хамгийн түрүүнд олох нь чухал. Наад зах нь өнгө өнгийн цаас нүүрэндээ ойртуулан толинд харж зохих өнгөө сонгож болно. Манайхан ихэвчлэн хар бараан өнгийг сонгож хэрэглэдэг. Үүнээсээ татгалзах хэрэгтэй. Улаан өнгө гэхэд дотроо олон янз байдаг. Өвөл, намар, хавар, зуны улиралд өмсөх улаан өнгө гээд ялгаатай байдаг л даа. Энэ талаар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүс надтай уулзаж зөвлөгөө авбал би туслахад бэлэн. Зарим эмэгтэй болохоор надад тод өнгийн тень, тод өнгийн хувцас зохидоггүй, өндөр өсгийт дээр явж чаддаггүй гэж ярьдаг. Тиймээс миний мэргэжил ийм хүмүүст тусалж өө сэвийг нь нууж улам сайхан харагдуулахад мөн л чиглэж байгаа юм. Ер нь энэ дашрамд хэлэхэд манайхан хар тень шавдгаа болих хэрэгтэй. Авангард стиль бол байж болно л доо.
-Хуримын будалтад манайхан цэнхэр, ягаан гээд тод өнгийг голчлон хэрэглэсэн харагддаг. Амьдралд ганцхан тохиолдох энэ сайхан өдөр зөвхөн эмэгтэй нь гоо зүсэндээ анхаараад байгаа нь дутагдалтай юм шиг бас санагддаг. Яг энэ чиглэлээр голчлон ажиллаж байгаа мэргэжилтэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Хуримын будалт нь миний имиж гэж хэлж болно. Манайхан үнэхээр хуримын өдөр тод өнгийг хэрэглэдэг нь үнэн. Өнөө цагт будаагүй юм шиг харагдах нь хамгийн сайханд тооцогддог болсон. Тэгэхээр тод өнгөөр будахдаа гол биш нүүрээ зохисон өнгөөр будаж будаагүй юм шиг харагдах хэрэгтэй. Ялангуяа хуримын өдрөө эмэгтэй, эрэгтэй хоёр хоёулаа будах хэрэгтэй. Гадаадад бол хурим хийх өдрөө эрэгтэйчүүд хүртэл будуулдаг юм билээ. Будуулаад сайхан болсноо сэтгэл догдлон өгүүлдэг гэдэг. Тиймээс манай хосууд ч гэсэн хоёулаа будуулж сайхан харагдаасай. Нүүр будах нь ер нь нүүрээ цэвэрлэж, сууриа зөв тавихаас эхэлнэ.
-Одоо Шинэ жил хаяанд ирлээ. Хуримын болон шинэ жилийн будалтыг өөрөөр тань хийлгэе гэвэл ямар үнэ ханштай байх вэ?
Би сайхан болъё, гоё харагдъя гэсэн хэнд ч туслахад бэлэн байна. Харилцагчдад маань ч гэсэн үнэ ханшийн хувьд боломжийн санагдах байх. Заавал улаан хивсний ёслол, шинэ жил гэлтгүй хүн болгон өдөр бүр сайхан харагдах хэрэгтэй.
-Дадлагаа Солонгост нэртэй гоо сайхны мэс заслын эмнэлэгт амжилттай хийсныг тань дуулсан. Гоо сайхны мэс засалд орсон ихэнх хүнд дараа нь нүүрээ хэрхэн будах талаар бэрхшээл тулгардаг гэсэн. Ийм хүмүүст ганцаарчилсан зөвлөгөө өгөх үү?
-Гоо сайхны мэс засалд орсон хүний 90 хувь нь дараа нь нүүрээ яаж будах вэ гэсэн асуудалтай тулгардаг гэж сонссон. Ийм хүмүүст би ганцаарчилсан зөвлөгөө өгөх болно. Миний бие Солонгост арьс, гоо заслын чиглэлээр тэргүүн эгнээнд бичигддэг эмнэлэгт ажиллаж, дадлага хийж байлаа. Иймээс энэхүү эмнэлэгтэй хүмүүсийг холбож өгөхөд бас бэлэн байгаагаа хэлье.
-Гоо сайхны мэс засалд орсон хүмүүс нууцыг хэр сайн хадгалах бол гэж эргэлзэж магадгүй.
-Санаа зоволтгүй. Би нууцыг чанд сахина.
-Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би багадаа зураг их зурдаг хүүхэд байсан. Тэгээд наймдугаар ангиа төгсөхдөө л ер нь Stylest-Make up Artist мэргэжилтэй болъё гэж бодож арван жилийн сургуулиа төгсөхдөө энэ чиглэлээр аль улсад сайн мэргэжилтэн бэлтгэдгийг хүртэл судалж амжсан. Сургуулиа төгсөөд удаагүй ч гэсэн олон хүний нүүрийг будаж, асууж лавласан зүйлд нь хариулт өгч байгаа. Түүнчлэн эгч Буянхишигтэйгээ том шоунд оролцож гадаадын нэртэй гэрэл зурагчинтай хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Энэ шоуны үеэр миний эгчид намайг олон хүн магтсан гэсэн.
-Тэгвэл өөрийнхөө мэргэжлийн онцлогийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Тогооч, эмч гээд хүнийг баярлуулдаг цөөн тооны мэргэжил байдаг. Түүний нэг л миний эзэмшсэн Stylest-Make up Artist мэргэжил маань байгаа юм. Үйлчлүүлэгчид өөрийгөө сайхан болсныг хараад асар их баярладаг. Тэр бая-рын урмаар бидний мэргэжил эрэлттэй байж хүмүүсийн талархлыг хүлээдэг болов уу. Ер нь бол ийм сайхан мэргэжил эзэмшсэндээ баяртай байна. Хүмүүс өөрийг нь будахаар шал өөр хүн болж, гоё боллоо гэдэг. Ингэж ярих хэрэггүй.
-Яагаад?
-Тухайн хүнд өөрт нь л байсан үзэсгэлэнг л миний мэргэжил тодруулж өгсөн. Харамсалтай нь зарим хүн өөрт нь байгаа тэр үзэсгэлэнгээ харж чаддаггүй. Энэ нь мэргэжилтэнд ханддаггүй гэсэн үг л дээ. Мэргэжилтэнд хандаж өөрийгөө 2-3 дахин илүү сайхан харагддаг болохыг мэдрээсэй. Жишээ нь, сэтгүүлийн нүүрэн дээр гарсан бүсгүйг хараад ихэнх бүсгүй, “Би ийм хөөрхөн биш дээ” гэж сэтгэлээр унадаг. Ингэх хэрэггүй. Та ч гэсэн тэр сэтгүүл дээр гарч болно. Учир нь танд гоо үзэсгэлэн бий гэдгийг хэлье. Хүн бүхэнд тэр дундаа бүсгүй хүн болгон бусдаас ялгарах гоо үзэсгэлэнтэй гэдэг үгтэй санал нийлдэг.
-
Эгчийг тань гоо сайхны болоод загварын ертөнцөд цахиур хагалж явааг манай уншигчид андахгүй. Эгчтэйгээ ер нь хэр ойр байдаг вэ. Царай зүс, зан аашны хувьд их адилхан санагдлаа?
-Эгчийн маань энд хүргэж зүйрлэн ярьсан Танд баярлаж байна. Миний хүндэлж, хайрлаж, даган дууриадаг хүн гэвэл эгч Буянхишиг маань. Миний эгчид хүнлэг сайхан сэтгэл, зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг чанар гээд авах зүйл их байдаг. Иймээс эгчээрээ мөн аав, ээжээрээ би маш их бахархдаг. Миний хамгийн хайртай, эрхэм хүмүүс бол миний гэр бүл. Иймээс танай сэтгүүлээр дамжуулан гэр бүлийнхэндээ хайртайгаа хэлье. Мөн би ээж, эгч хоёртойгоо яг найз шигээ дотно байдаг. Миний ээж бол хоёр охиндоо амьдралын ухаарлыг сүү шиг сэтгэлээрээ үлгэрлэж чаддаг сайхан эмэгтэй. Аав маань ч гэсэн айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг болсон ухаалаг сайхан хүн. Ийм сайхан хоёр хүний хайран дундаас төрж, эгчийнхээ дэргэд хөтлөн эрхэлж яваа би хамгаас жаргалтай. Энэ жаргалыг дааж сайн явж тэднийгээ баярлуулах нь миний үүрэг.
-Оюутан байхдаа уралдаанд оролцож байв уу?
-2012 онд Солонгосын Пусан хотод очиж уралдаанд оролцсон. Авангард чиглэлийн будалтаар орсон л доо. Олон орны шилдэг оролцогч ихтэй тэмцээнд ур чадвараа сорьчихоод дүн нь гараагүй байхад эргээд ирсэн л дээ. Олон шилдэг оролцогчидтой болохоор байр эзэлнэ чинээ санаагүй гэсэн үг. Гэтэл хичээлдээ ороод 3-4 хонож байтал ардаас гуравдугаар байр эзэллээ, баяр хүргэе гээд шагнал маань хүрээд ирсэн. Тэр үед багш нар маань сайшаагаад бөөн юм болсон. Би ч гэсэн анхны тэмцээндээ байр эзлээд хөл газар хүрэхгүй явснаа мартдаггүй юм.
-Оюутан байхад тохиолдож байсан мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач?
Нэг өдөр гоо засалч багш маань хичээл заагаад би ч дэндүү идэвхтэй оролцож байлаа. Гэтэл хичээл дуусах алдад намайг заагаад самбар дээр гараад ир гэж байна. Би ч гараад л очлоо. Гэтэл миний хоёр хөмсөгний ур талыг хусаад хаячихдаг байгаа. Гэтэл энэ нь надад эвгүй санагдаад бүр ээж, эгч хоёр луугаа уйлж ярьж сандаргаж байлаа. Ээж, эгч хоёр намайг “Харьцангуй эрт биеэ даасан хүүхэд. Тэр бүрийн юманд уйлаад байхгүй дээ” гээд тэр үед их сандарч байсан гэж одоо ярьдаг юм. Хөмсгийг маань хусахад би таатай хүлээж аваагүй болохоор багш маань надаас, “Монгол хүн хөмсгөндөө хүрдэггүй юм уу эсвэл хүн хүргэдэггүй юм уу” гээд их гайхан асууж байсан л даа. Бодвол миний хөмсөг өтгөн, буруу засалттай харагдсан юм шиг байна билээ. Ер нь манай сургууль хичээл орсны дараа заавал бодит зүйл дээр дадлагын хичээл ордог. Энэ утгаараа ч юм уу би маш их зүйлийг сургуулийнхаа багш нараас сурч авсандаа олзуурхдаг.
-Монголоос тэр дундаа олны танил хүмүүсээс хэнийг өөрчилж сайхан болгох сэтгэгдэл төрж байв?
-Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Би Баянгол дүүрэгт амьдардаг. Манай хороонд өрсөлдсөн нэг эгчийн дүр төрхийг өөрчилмөөр санагдсан шүү. Нүүрээ арай л дэндүү будаад зур-гаа авахуулчихсан байсан. Зураг авахуулна гэдэг чинь тэр чигээрээ соёл. Тиймээс сонгуулийн PR-аа инээмсэглэлээс эхлэх байж дээ гэж бодогдож байлаа.
-Тэгвэл инээмсэглэлийн талаар манай уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Нууцгүй хэлэхэд манай ихэнх залуус хүнтэй мэндэлж чаддаггүй. Хөмсөг зангидсанаас илүү инээмсэглэж чадвал олон найзтай болно гэдэг. Тиймээс инээмсэглэлийг бие биенээсээ харамлах хэрэггүй. Инээмсэглэж байгаа хүнийг хараад хэн ч уурладаггүй. Зөв сайхан инээмсэглэж, бусдад урам өгөх шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Тиймээс хүн болгон нэн түрүүнд зөв инээмсэглэж сурах нь чухал. Зөв гэхээр хүмүүс гайхаж магад. Толинд хараад янз бүрээр инээмсэглэж тэгээд өөртөө зохицсоноор инээмсэглэ гэж хэлээд байгаа юм шүү дээ.
-Цаашдын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
-Би дахин сурах зорилготой. Мөн кино урлагийн чиглэлээр суралцахыг мөрөөдөж байна. Түүнчлэн хамгийн том мөрөөдөл гэвэл хуримын том студитэй болохсон гэж бодож байна. Ер нь хурим хийнэ гэдэг бол асар том бэлтгэгдсэн шоу байх ёстой. Гэтэл өнөөдөр манайхан хурим хийнэ гэхээр л Зайсан толгой гарч, Гандан хийдэд очиж мөргөдөг. Гэтэл тал тал тийш нь ингэж явуулах биш хуримын том студитэй болчихвол бүх зүйл нэг дор цогцлох болно. Тиймээс би энэ мөрөөдлийнхөө төлөө зүтгэн хөдөлмөрлөх болно. Хурим гэдэг гэгээлэг сайхан зүйл болохоор миний энэ мөрөөдөл биелэх байх. Энэ дашрамд би хүн болгоныг гадаад төрх болон будалтаараа үргэлж хувьсан өөрчлөгдөж байгаасай гэж боддог. Тэр дундаа бүсгүйчүүд уруулынхаа будагны өнгийг байнга өөрчилж байх хэрэгтэй.
-Төгсөж ирсэн Солонгосын их сургуулийнхаа тухай ярихгүй юу. Монгол оюутан олон уу?
-Миний суралцаж төгссөн Солонгосын “Daeduk” урлагийн их сургууль нь Солонгос Улсдаа эхний топ гурван сургуулийн жагсаалтад нэр нь зүй ёсоор бичигддэг. Сургалтын чанар, орчин бол үнэхээр сайн. Дэлхийн өнцөг булан бүрээс оюутан ирж суралцан, чадварлаг мэргэжилтэн болж төгсдөг. Намайг уг сургуульд ороход Монголоос найман оюутан очсон. Нөгөөдүүл маань загварын чиглэлээр суралцаж би ганцаараа Stylest-Make up Artist мэргэжлийг сонгон суралцаж амжилттай төгссөн. Юутай ч сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн сайн мэргэжилтэн болох нь миний туйлын хүсэл мөрөөдөл дөө.
Ярилцсан Б.Даариймаа
Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ