
Их Эзэн Чингис хааны төрсөн, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа эх орноо сурталчлах өдрүүдийн хүрээнд Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит Уран зураг, баримал, архитектурын улсын академийн дэргэдэх Урлангийн зураач Б.Отгонтүдэвийн бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 23-ны өдөр Москва хотод нээв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ залуу зураач Б.Отгонтүдэвийн бүтээлээс та бүхэн манай сайхан орны үзэсгэлэнт байгаль, монгол түмний түүх, соёл, зан үйлтэй танилцаж, улмаар монгол орчинд тухлан саатаж, сэтгэл тань уяран баясана гэдэгт итгэлтэй байна гэж хэлээд Монгол Улсад авьяаслаг, ирээдүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлч бэлтгэж өгсөн Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит академийн багш, профессорууд болон Б.Отгонтүдэвийн бүтээл, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлэв.
Нээлтийн ажиллагааны үеэр Москва, Санкт-Петербург хотын урлагийн тэргүүлэх академуудад суралцаж байгаа монгол оюутнуудын ардын дуу, хөгжим, бүжгийн бичил тоглолт болсон бөгөөд нээлтийн ажиллагаанд ОХУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, соёл, урлаг, олон нийтийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид болон Элчин сайдын яамны ажилтнууд оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ