Их Британид 800 гаруй байшин үерт автав

img

Их Британийн ихэнх нутгийг хамарсан  усархаг борооны улмаас үер бууж тус улсад нэлээд хүндхэн асуудлууд тулгарч байгааг ВВС агентлаг мэдээллээ. Нутгийг бүхэлд нь хамарсан үерийн улмаас 816 айл үеэрт автаж орох оронгүй болсон байна. Үерт хамгийн их хохирол амссан  хотуудад Корнуэлл, Девон, Мелшир зэрэг хотууд ороод байна. Хүчтэй салхины уршгаар  хоёр хүн амь насаа алдсан аж. Амиа алдсан хүмүүс Кембрижийн  ойролцоо осолдоцгоосон бөгөөд тэдний нэг нь эмэгтэй булгарсан модонд дарагдаж нас барсан байжээ. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн орсон бороо үргэлжлэн орж байгаа бөгөөд дахин удаан хугацаанд үргэлжлэн орвол байдал улам хүндэрнэ хэмээн орчны шинжилгээний багийнхан сануулаад байгаа аж. Британид сүүлийн хэдэн жилийн турш ийм хүчтэй бороо олон хоногоор үргэлжлэн ороогүй юм. Английн ерөнхий сайд Дэвид Камерон “Энэ үеэр тооцоолж байснаас илүү хохирол учрууллаа” хэмээн сэтгэл зовинонгуй хэлэв. Мөн тэрээр өөрийн Twitter хуудастаа “Гамшигт өртсөн анд найзууддаа туслахыг уриалж байна” хэмээн нийтэлжээ. Үер болох гэж байгааг олон удаа мэдэгдсэн боловч байгалийн хүч дийлдэшгүй гэдгийг харуулсан хэрэг боллоо. Үерийн ус зарим газруудаараа 60 см-ээс давсан байна. Өнөө өглөөнөөс бороо татарч байгаа юм. Тиймээс аврах албаныхан гамшигт өртсөн газруудад аврах ажиллагаа явуулж, иргэдэд тусламж үзүүлж эхэлжээ. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ