Ч.Содномцэрэн: Д.Арвин 43.1 хувийн саналаар ялсан
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Арвиныг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, УИХ-д өргөн мэдүүллээ. Нэр дэвшигч Д.Арвин хэдэн хувийн саналаар ялсан бэ?
-Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Арвин 43,1 хувийн саналаар ялсан. Харин Д.Батзориг 40 хувийн саналаар ялагдлаа. Ирц ямар байх нь хамаагүй. Зөвхөн хэдэн хувийн саналаар ялсан гэдгээр нь Д.Арвиныг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, УИХ-д өргөн мэдүүллээ.
-Орон нутгийн сонгуулийн дүнг хэзээ танилцуулах вэ? -Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо санал хураалт дууссанаас хойш тав хоногийн дотор дүнгээ нэгтэж Иргэдийн хуралдаа өргөн мэдүүлэх хуулийн заалт бий. Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэхээсээ өмнө гэсэн үг. Төлөөлөгчөөр сонгогдсон түр үнэмлэхийг Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо олгоно. Өргөн мэдүүлснийхээ дараа Иргэдийн хурал нь тухайн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Нэг ёсондоо Аймаг, сум, дүүргийн төлөөлөгчөө зөвшөөрсөн шийдвэр гаргана. Үүний дараа долоо хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо олон нийтэд мэдээлнэ.
-Ирц нь хүрээгүй байгаа хэдэн сонгуулийн хороо байна вэ?
-Түрүүчээсээ Аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос мэдээ ирж байна.Өнөөдөр нийт мэдээг авна гэж үзэж байна. Ер нь бүх аймгийн сонгуулийн санал хураалтын ирц бүрдсэн. Дүүргүүд дээр ирц нь хүрээгүй тойрог бий. Гэхдээ ямар ч байсан үүнийг шийдвэрлэнэ.
Дахин санал хураалт явуулах хуулийн шийдвэрийг Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо гаргана. Хаана, аль газруудад дахин санал хураах шийдвэрээ Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо гаргана гэсэн үг. Энэ шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна гэсэн хуулийн заалт бий.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ