Хотгойдын ван Чингүнжавын хөшөөт цогцолборын нээлт боллоо
Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг болох Хотгойдын шадар ван Чингүнжав Хотгойдын шадар ван Чингүнжавын дурсгалыг мөнхөлсөн хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү хөшөөт цогцолбор нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжавын өргөн чөлөөнд буюу 25 дугаар эмийн сангаас дээш өгсөх зам дагуу "Петровис"-ийн ШТС-ийн хажууд баригджээ.
Хотгойдын шадар ван Чингүнжав нь 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж, Хотгойд хошууг захирах болжээ. Энэ үеэр Ар халх манжийн эрхшээлд бүрэн орсон байв. Чингүнжавын дээд өвөг Чингис хааны удмын хиад боржигон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсанз жалайр хун тайж байсан юм. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй Манжийн эсрэг тэмцэж байжээ.
Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүнжав, Өмнөд хорчиний эфү Сэвдэнбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн гэдэг. Шадар ван Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргаж байжээ. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгасан аж.
1757 оны нэгдүгээр сарын 17ны үүрээр Чингүн жав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Мөн оны гуравдугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг-Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжавыг эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Монгол улсын түүхийн IV ботид "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг мөнхлөн үлдээсэн аж.
Монголчууд 2010 онд Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд харин өнөөдөр түүний гэгээн дурсгалыг хойч үедээ мөнхөлж байна. Түүний энэхүү хөшөөт цогцолборын ажлыг “Монгол уран цутгуур” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн бол Хотгойдын ван Чингүнжавын хүрэл хөшөөг уран барималч Ш.Тэнгисболд урласан байна.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ