Лукастай ярилцахуй...

img

FourFourTwo сэтгүүлд удахгүй бэртлээс эргэн ирэлтээ хийх гэж буй Ливэрпүүлийн Бразил хагас хамгаалагч Лукас Лэйватай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Энд 25 настай Бразил залуу маань Луис Суарэзтэй нөхөрлөдөг тухайгаа болон Англид амьдрал нь ямар байгаа, Ливэрпүүлийн бүрэлдэхүүнд нутаг нэгт Леандро Дамианыг харахыг хүсдэг тухайгаа зэрэг олон сонирхолтой асуултуудад хариулт өгчээ. - Сүүлд авсан бэртлийн дараах сэргэлт хэр явагдаж байна ? Бүгд төлөвлөсний дагуу явж байгаа. Би одоо багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа болохоор тун удахгүй талбайд гарч тоглоно гэж найдаж байна. Дасгалжуулагчаас бүгд хамаарах хэдий ч хамгийн чухал нь миний хувьд одоогийн байдлаар бэртэл маань эдгэрч багтайгаа нэгдсэн бэлтгэлд гарч байгаадаа маш их сэтгэл хангалүүн байгаа. Удаан ч гэсэн би хуучин формондоо эргэн орж байгаа болохоор өөртөө итгэх итгэл маань нэмэгдсээр байгааг мэдэрч байна. - Сүүлийн жилүүдэд та 2 ч бэртэл авлаа. Магадгүй энэ таны амьдралд тохиолдсон хамгийн хүнд үе үү...? Тэгэлгүй яахав. Ливэрпүүлд ирээд 5 жил болохдоо би ийм хүнд бэртлүүдтэй учирч байсангүй. Эдгээр бэртлээс болж би зөвхөн Ливэрпүүлдээ тоглохгүй удаан өнжсөнөөс гадна улсынхаа шигшээ багт ч тоглолгүй удлаа. Шигшээ багийн дуудлагыг хамгийн сүүлд авснаас хойш олон сар өнгөрч...Сүүлийн жил миний хувьд тун хүндхэн өнгөрлөө. Иймэрхүү бэртлүүд олон зүйлийг бодоход хүргэдэг боловч бас сургамжтай л юм. - Ямар сургамж олж авав даа ? Голдуу амьдралын л...Заримдаа бэртэл гэмтэл хүний бие сэтгэлд гүнзгий нөлөөлөх боловч эргэн тойронд чинь чамаас дор нөхцөл байдалд орсон хүмүүс олон байгааг хараад үнэн хэрэг дээрээ бас чиг бүгд ч тийм ч муу биш болчихоогүйг ойлгож эхэлдэг. Эдгээр бэртлүүд намайг олон зүйлийг бодож ухаарахад хүргэсэн. Цаашид миний хувьд талбайд гарч тоглож буй хором бүрээ үнэлж хайрлаж байх хэрэгтэйг ойлгосон. Би хөлбөмбөгт улам дуртай хайртай болж тоглолтын хором агшин бүрээсээ таашаал авч, сүүлийнхээ тоглолтыг хийж буй адил л байхыг хүсэх болсон. - Таныг бэртлээсээ бүрэн эдгэрээд эргэн ирэхэд формондоо хурдан орохыг шаардах ч юмуу нэмэлт дарамт ирэх болов уу...та юу гэж бодож байна ? Улирлын эхэнд бидний үзүүлсэн үр дүн тийм ч таатай бус байсан болохоор тоглогчид бид бүгдээс нь илүү сайныг олон хүн хүлээж байгаа байх. Энэ бол байх, хэвийн үзэгдэл. Гэвч миний хувьд тоглолт болгонд гоолдоод байх үүрэгтэй тоглогч биш болохоор хөгжөөн дэмжигчид болон багийнхан маань ойлгох болов уу л гэж бодож байна. Мэдээж тэд надаас бэртэл авахаасаа өмнөх үеийн минь тоглолтыг хүсэн хүлээх байх. Одоо бол миний хувьд олон зүйл дээр бодож тунгаах үе ирж байна. Биеийн хувьд хуучин байдалдаа эргэн орж, тогтвортой тоглолтыг үзүүлэн гарааны бүрэлдэхүүнд орохын төлөө тэмцэх миний эхний зорилт. Дараагийн шат нь тоглолтоо улам сайжруулах. Хэрвээ би формондоо эргэж орохдоо удаан муу байвал энэ нь надад нөлөөлөөд зогсохгүй багийн тоглолтонд ч муугаар нөлөөлөх болохоор би өөрийн байдлаас үл хамааран тоглолт болгонд оролцохыг хамгийн түрүүнд тавьмааргүй байна. Би хуучин формондоо эргэн орно гэдэгтээ итгэлтэй байгаа ч энэ бол багагүй хугацаа шаардагдах зүйл гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй болов уу. - Бэртэлтэй байхдаа та цагийг хэрхэн өнгөрөөж байв ? Нуулгүй хэлэхэд би бараг бүх цагаа баг дээрээ өнгөрөөж байсан. Багийн хувьд тоглолттой байхад бэлтгэлийн бааздаа байх нь ховор, аялан тоглолтууд гээд л. Бэртлийн дараах сэргээлтийн эмчилгээний үед би баг дээрээ болон гэрийнхэнтэйгээ байсан нь намайг уйтгараас аварч байлаа. Бэлтгэлийн зааланд болон усан бассэйнд чи олон цагийг өнгөрөөж, энэ үеэр баг чинь тоглолтоо хийж байх юм бол тэдэнд туслах боломжгүй байгаадаа бага зэрэг сэтгэлээр унах явдал гардаг. Энэ бүхэн л чамайг аль болох хурдан эргэн ирэхийн төлөө хөдөлмөрлөхөд хүргэдэг юм даа. - Брэндан Рожэрс ирснээс хойш Ливэрпүүл хэр их өөрчлөгдөв ? Түүнийг ирснээс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Брэндан өөрийн тогтсон философитой хүн болохоор бид бүгд түүнд их итгэл найдвар тавьж байгаа. Түүний арга барилд дасахын тулд бидэнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг бид ойлгож байна. Гэвч бид түүний удирдлага дор гэрэлт ирээдүй байгаа гэдэгт итгэж хүлээхэд бэлэн байна. - Та Луис Суарэзтай тун дотно нөхөрлөдөг. Өнгөрсөн улиралд Эвратай болсон маргааны дараа бөөн асуудал үүсэхэд тэр хэрхэн хандаж байсан бэ ? Энэ бол тун амаргүй, хэн нэгэнд хүсээд баймааргүй хүндхэн нөхцөл цаг үе байсан болохоор бид энэ тухай аль болох ярихгүй зайлсхийхийг хичээдэг байсан. Би ихэнхдээ түүний ойр байдаг байсан болохоор Луис үнэн хэрэг дээрээ яг юу болсон тухай надад ярьж сэтгэлээ онгойлгохыг хүсдэг байлаа. Бид багагүй ойр дотно учраас би түүнийг хүмүүжилтэй сайн залуу гэдгийг мэднэ. Аз болоход одоо бүх зүйл ард үлдсэн болохоор бид цаашдын замаа хөөх хэрэгтэй. Энэ бол түүний хувьд тун хүнд цаг үе байсан болохоор бид түүнийг энэ тухай нэгмөсөн мартахад нь шаардлагатай бүхнийг хийх ёстой. - Бразилийн шигшээ багтай харьцуулахад Ливэрпүүл довтолгооны шугамандаа тоглогчид дутаж байна. Хэрвээ Брэндан Рожэрс танд хандан нутаг нэгтнүүдээс чинь сонголт хийхэд нь туслаач хэмээвэл та ямар зөвлөгөө өгөхсөн бол ? Одоогоор Бразилийн хамгийн гол довтлогч нь Нэймар гэдэг нь гарцаагүй. Сүүлийн үед тэр улам өсч сайжраад байгаа болохоор тун удахгүй хамгийн өндөр түвшинд л тоглох байх. Гэвч түүнийг манайх авна гэдэг бол тун хүнд, бараг боломжгүй зүйл болов уу...Бусад тоглогчид руу анхаарлаа хандуулбал миний хувьд Леандро Дамианыг хэлмээр байна. Түүнд ПЛ тохироно гэдэгт эргэлзэхгүй байна, учир нь тэр нэг хүрэлтээр л өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдож чадах тун сайн довтлогч. - Таны хувьд Английн ПЛ-д дасахад хэр хүнд байсан бэ ? Тиймээ, тун хүнд байсан. Ливэрпүүлд ирсэн эхний жилүүд миний хувьд тун амаргүй байсныг бүгд мэднэ. Тэр үед би ПЛ-д бэлэн биш байгаагаа өөрөө ч мэдэрч байлаа. Бие физикалын хувьд ч гэсэн. Гэсэн ч би тууштай байж, Английн хөлбөмбөгт дасан зохицохын тулд шаардлагатай бүхнийг хийсэн гэж бодож байна. - Бразилд та довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглож байсан бол Ливэрпүүлд ирээд хамгаалах чиглэлийн хагас дээр тоглох болсон. Энэ таны шийдвэр байв уу ? ПЛ-н нөхцөлд илүү сайн дасч итгэлтэй тоглолт үзүүлэхийн тулд эхлээд хамгаалах чиглэлийн хагас дээр тоглохоор бид шийдсэн. Одоо нэгэнт би энэ байрлал дээр дадсан болохоор заавал довтлох чиглэлийн хагасаар тоглох шалтгаан олж харахгүй байна. Одоогийн миний тоглож буй байрлал маань миний зан характэрт ч тохирч байгаа юм шиг санагддаг. Хамгаалах чиглэлийн хагас дээр тоглох нь миний хувьд багтаа илүү тустай гэж бодож байна. - Англид амьдрах танд таалагдаж байна уу ? Уугуул оршин суугч нь байлаа ч Англид гол проблэм нь цаг агаар гэдэгт эргэлзэхгүй байна. Хэн ч хэзээ ч энд цаг агаар нь сайхан шүү гэхгүй л болов уу...Гэвч энэ нь эндээс явах шалтгаан болно гэж бодохгүй байна, цаг агаар хамгийн чухал нь биш шүү дээ. Энд ПЛ байна, цэнгэлдэх дүүргэсэн үнэнч хөгжөөн дэмжигчид байна. Дурын өдрөө чи гэр бүлийнхэнтэйгээ ресторан орохдоо аюулгүй байдлыг дээд зэргээр мэдэрч байна гээл тааруу цаг агаар үнэхээр асуудал биш гэдгийг мэдэрнэ. Бэлтгэлийн бааздаа ирэхэд сайн нөхдийнхөө хүрээлэлд ордог нь намайг улам сэтгэл өөдрөг болгодог. Нутгийн оршин суугчид бол хөлбөмбөгт ухаангүй дуртай хайртай болохоор алхам тутамд маань маш их хүндлэлтэй ханддаг. - Та Англид ирэхдээ англиар ярьж чаддаг байсан уу ? Би хэдхэн үг л мэддэг байлаа. Хүмүүстэй ч бүрэн ярилцаж чадахгүй. Хүмүүсийн ярьж байгааг ч бүрэн ойлгож чаддаггүй байсан болохоор хэлний бэлтгэл хичээл заалгахад хүрсэн. Чи хэлний хувьд бага зэрэг алдаа гаргасан ч чамайг англиар ярихад энд хүндэтгэдгийг би анзаарсан. - Магадгүй эхний үед Жэйми Каррагэрийн яриаг ойлгоход тун хүнд байсан байх даа...? Нуулгүй хэлэхэд дөнгөж ирээд байхад тун хүнд байсан шүү...Энд маш аялгатай ярьдаг. Одоо бол энэ миний хувьд асуудал бишээ. Заримдаа хүмүүсийн яриаг яг бүгдийг нь ойлгохгүй байх үе гарнаа. Учир нь эндхийн орчин суугчид нутгийн хэллэг маш их хэрэглэдэг. Сүүлийн үед би ч бас заримдаа эдгээр хэллэгээс хэрэглэдэг болоод байгаа л даа. - Хамгаалах чиглэлийн хагасууд тун нямбай байхыг шаардагддаг байх. Та ч тун нямбай тоглогч. Харин гэртээ энэ тал дээр хэр юм бол ? Амьдрал дээр ч би тун нямбай хүн шд. Бүх зүйл байдаг байрандаа байхад би дуртай. Гэрт эмх цэгцтэй, сайхан цэвэрлэсэн байхад дуртай. Тийм болохоор ногоон талбайд ч орон гэртээ ч би тун нямбай хүн. - Лукас, Бразилд танайх маш олон малтай ранчотой гэсэн...? Миний өвөө бүх насаараа тосгонд амьдарсан болохоор би ч энэ орчинд л өссөн. 5 жилийн өмнө би энэ ранчод бага сага хөрөнгө оруулахаар шийдсэн. Учир нь ах маань малын эмч болохоор түүнд гол үүргийг хүлээлгэсэн. Тэр тэнд амьдарч мал ахуйгаа арчилж байна. Ойрын жилүүдэд л миний хувьд тийшээгээ нүүн очих боломжгүйг та бүхэн мэдэж байгаа. Тийм болохоор ахдаа бүгдийг даатгасан, учир нь түүний удирдлага дор энэ бизнэс маань найдвартай өсөж дэвжинэ гэдгийг мэдэж байгаа болохоор шүү дээ. О.Амарсайхан Эх сурвалж: www.liverpoolfc.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ