Өвөлжилт хүндэрч болзошгүйг анхааруулж байна

img

Өвөлжилт хүндэрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Монгол орны нутгаар арваннэгдүгээр  сар гарснаас хойшхи 20 гаруй хоногт нийтдээ их бага хэмжээтэй 10 гаруй удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай болсноос 30 орчим хувьд 10 см-ээс зузаан цастай байна. Тухайлбал Увсын Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Зүйл, Ховдын Чандмань, Завханы Идэр, Сонгино, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Дэлгэрхаан сумын зарим нутгаар цасны зузаан 20-50 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см, нягт нь 0,14-0,25 г/см3 хүрч мал бэлчээрлэх боломжгүй нөхцөлд байдалд хүрээд байна. Түүнчлэн Хөвсгөлийн Цагаан-Уул, Эрдэнэбулган, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Увсын Түргэн, Зүүнговь, Сагил, Завханы Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Архангайн Хашаат, Жаргалант, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Төв аймгийн Бүрэн, Баян-Өндөр, Өндөрширээт, Цээл, Эрдэнэсант, Угтаал, Булганы Тэшиг, Сэлэнгийн Хүдэр, Зэлтэр, Хэнтийн Дадал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат сумдын зарим нутгаар цасны зузаан 10-19 см, нягт нь 0,10-0,37 г/см3 хүрч, зузаан цастай байгаагаас 7 аймгийн 16 суманд мал бэлчээрлэх боломжгүй, 11 аймгийн 27 суманд малын бэлчээрлэлт хүндэрч байна. Энэ сарын үлдэж байгаа хугацаанд 24-25, 26-28-нд ихэнх нутгаар дахин цас орж, ялангуяа 26-28-нд зарим газраар салхи 16-18 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна. 2012-2013 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлвөөс үзэхэд одоо цас ихтэй байгаа ихэнхи нутгаар ирэх 12 дугаар сар, дараа оны 1 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас нэлээд хүйтэн өвөл болохоор байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт малчид, ард иргэдэд мэдээлж байна. Эх сурвалж: www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ