Эхлээд эрүүл амьдаръя
Улс орон зах зээлийн нийгэмд шилжихийн хамт хүн амын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинээр бүрдүүлэн хөгжүүлсэн. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд энэ төрлийн даатгалд иргэдийн дийлэнх хэсэг хамрагдаж, 2011 онд гэхэд 98,6 хувьд хүрчээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль анх 1993 онд батлагдсанаас хойш есөн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нэг удаа шинэчлэн найруулсан ба 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нь цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалж, хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээ худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох зэрэгт дорвитой өөрчлөлт гаргаж чадсангүй.
Хамгийн гол нь даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, даатгуулагчийг үйл ажиллагааныхаа төвд тавьсан тогтолцоонд шилжих шаардлагатай байгаа юм. Иймээс эрхэм гишүүн А.Бакей, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн нарын есөн гишүүн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн бариад байна. Шинэ хуулийн гол цөм нь эрүүл мэндийн даатгал нь орлого бүрдүүлэгч иргэн даатгуулагчдадаа үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, ажлаа тайлагнадаг болоход оршино. Иймээс юуны өмнө даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаасаа шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах нь чухал юм.
Эрүүл мэндийн даатгалын хамралт сүүлийн арваад жилд аажмаар буурсан ч өнгөрсөн онд “Хүний хөгжил” сангийн хүрээнд 98,6 хувьд хүрсэн. Даатгалд хамрагдах хүн амын бүлгийн асуудлыг эргэн харж, амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой ядуу иргэд, ажилгүйчүүд, жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадын иргэдийн асуудлыг тодорхой тусгаж, төлөх шимтгэлийн хэмжээг шийдвэрлэн эрхийг нь хамгаалах шаардлагатай болжээ. Улсын төсвөөс хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хавтгайруулан хариуцаж буйгаас Засгийн газраас тэдний эрүүл мэндийг хамгаалах шимтгэлийн хэмжээг маш багаар тогтоодог. Одоо сард 670 төгрөг (1999-2007 онд 500 төгрөг байсан) буюу жилд 8040 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 2011 онд төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн шимтгэлийн орлого эрүүл мэндийн даатгалын сангийн 12 хувийг бүрдүүлжээ.
Гэтэл эдгээр иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардал тус сангийн зардлын 60 хувийг эзэлсэн байх юм. Албан секторт ажиллаж байгаа даатгуулагч ба ажил олгогч сард дунджаар найман мянган төгрөг, жилд 96 мянган төгрөг төлдөг. Албан секторын ба бусад даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын санд оруулах хувь нэмэр ийм ялгаатай байгаа нь даатгуулагчдын дунд тэгш биш, шударга бус байдлыг бий болгож, нөгөө талаар сангийн орлогын бүрдүүлэлт, үйлчилгээг нэмэгдүүлэх зарцуулалтад нөлөөлж байна. Хэдийгээр энэ нь эв санааны нэгдлийн зарчим ч гэлээ шимтгэлийн хэт тэнцвэрт бус байдал цаашдаа сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Иймд зөвхөн орлого багатай ядуу иргэд, хүүхдүүдийн шимтгэлийг төрөөс хариуцан, эдгээр зорилтот бүлэгт улсын төсвийн татаасыг чиглүүлэх, шимтгэлийн хэмжээг оновчтой болгон нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн хууль санаачлагчид үзжээ.
Өнөөдөр ЭМД-ын бодлого, төлөвлөлтийн асуудал Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг олон талын дунд хуваагдмал байдалтай байгаа нь нэгдсэн удирдлага, зохицуулалт дутахад хүргэж байна. Тиймээс ЭМД-ын хариуцлагын тогтолцоог сулруулж, эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны үр дүн, улмаар даатгуулагчийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг.
Эрүүл мэндийн даатгал анхнаасаа хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг түлхүү хамарч ирсэн ч даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардагдсан үедээ эрсдлээс төдийлөн хамгаалагддаггүй, урьдчилан сэргийлэх үйлчилгээ тус даатгалд оновчтой тусгагдаагүй зэргээс иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж, улмаар ядууралд өртөхөд нөлөөлж байгаа нь нууц биш. Иймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж, даатгалын зардлын хамрах хүрээг нэмэгдүүлэх нь зүйтэй байна.
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдал ч ЭМД-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхийн аргагүй. Даатгалын санхүүжилтийг үйлчилгээний чанартай уялдуулах хууль эрх зүйн үндэс байгаа ч нэг их оновчтой биш, хэрэгжүүлэх тодорхой бодлого дутмаг, салбар хоорондын ажлын уялдаа сул, ЭМД-ын байгууллагын орон тоо, эрх мэдэл, арга зүйн чадамж сул байгаагаас хэрэгжихгүй байна. ЭМД-ын байгууллага нь тусламж үйлчилгээг даатгуулагчийн нэрийн өмнөөс худалдан авах үүргийг гүйцэтгэдэг учраас тусламж үйлчилгээний чанарт зайлшгүй хяналт тавих учиртай. Иймээс даатгалын байгууллагын чадавхийг дээшлүүлэхээс гадна Засгийн газрын болон иргэний нийгмийн (тухайлбал мэргэжлийн холбоод) байгууллагууд хамтран нэгдсэн зохицуулалт, хүчин чармайлтаа нэгтгэж байж л үр дүнд хүрэх нь тодорхой.
Хууль санаачлагчид Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараах зарчмуудыг баримталсан байна. Үүнд:
1. Хуулийн зорилтыг даатгуулагч иргэний эрх, түүнд үзүүлэх үйлчилгээний чанар, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлуудад чиглүүлэх
2. Даатгуулагчийн эрх, үүргийг нарийвчлан зааж, эрхийг хангах
3. Эрүүл мэндийн нийгмийн даатгалын үндсэн зарчмыг даатгалын үйл ажиллагааны цөм болгон хуульчлах
4. Даатгуулагчийн бүлгийг шимтгэл төлөх чадвараар нь тодорхойлох, төрөөс шимтгэлийг нь хариуцан төлөх даатгуулагчийг оновчтой тодорхойлох, төлөх шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх
5. Эрүүл мэндийн дааталын багцыг тусламж, үйлчилгээний нэр төрөл, хэлбэрээр нь тодорхойлон өргөжүүлэх, даатгуулагчийн төлөх төлбөрийг бууруулах, хэрэгцээт үйлчилгээ авах эрхийг хэрэгжүүлэх
6. Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх, үүргийг нэмэгдүүлж Үндэсний зөвлөл болгох, даатгалын байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааж бие даалгах замаар даатгуулагч иргэний нэрийн өмнөөс эрүүл мэндийн үйлчилгээг идэвхтэй худалдан авагч болгон бэхжүүлэх
7. ЭМД-ын сангийн удирдлага, зарцуулалтыг оновчтой болгох, санхүүгийн болоод хүний нөөц, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангаж, даатгагчид үүргээ хэрэгжүүлэх эрх мэдлийг олгох
8. Эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ үзүүлэгчид олгох, снниүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах
9. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах
10. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах
11. Даатгалын харилцаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, даатгуулагч, даатгалын байгууллагын хүлээх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохоор тус тус тусгасан байна.
Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ