
Хүүхдийн хөгжих эрхэд үйлчлэх олон барилга, байгууламж сүүлийн 20 жилийн хугацаанд устан, зориулалт бусаар ашиглагдах болсон. Үүний нэг жишээ нь Залуу техникчдийн ордон /ЗТО/ юм хэмээн Монголын Залуучуудын холбоо, ЗТО-ы үйл ажиллагааг сэргээн байгуулах ажлын хэсгийн хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хуралд Нисэх загвар спортын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батзориг, хуульч Б.Бэхбат, МЗХ-ны Мэдээлэл Судалгаа Шинжилгээний Газрын дарга М.Энхтайван, Монголын Нисэх загвар спортын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Амарсайхан, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн захирал Б.Сүхбат, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш н.Чулуун нар оролцлоо.
Тэдний ярьснаар, “Хүүхэд, багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, ирээдүйн инженерүүд төрөн гарах уурхай болж байсан Залуу техникчдийн ордныг 1975 онд байгуулсан байдаг. Гэтэл өнөөдөр энэ барилгад Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль үйл ажиллагаагаа явуулдаг.
Өнөөдөр зохион бүтээх, дадлага сургалтын бүхий л суурь машин багаж, төхөөрөмжүүдийг бүгдийг үгүй хийж, акталж устгаад, хүүхдийн техникийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан орчин үеийн интерьер дизайны шийдэл бүхий шилэн тасалгааг нурааж гуанз болгоод эхэлсэн. Одоо тэнд техникийн нэг ч дугуйлан явагдахгүй болж бүхнийг үгүй хийжээ. Хүүхдүүд астроном үзэж, одот тэнгэр, гариг ертөнцийг дуранддаг телескопыг буулгаж хаяад, өндөр цамхагийнх нь ёроолоос нь орой хүртэл хог новш дүүргээд байна.
Тиймээс Монголын залуучуудын холбооноос Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд залуучуудад тулгамдаад буй нийгмийн асуудлаар нэн яаралтай шийдэх ёстой 14 саналыг хүргүүлсэн аж. Эдгээр саналуудын дотор ЗТО-ы үйл ажиллагааг сэргээх саналыг оруулж, өнөөдөр ЗТО-ны үйл ажиллагааг сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж эхэлснээ ийнхүү нийтэд мэдээлж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ