
Саяхан Өвөрхангай аймагт зүрх нь цээжин дээрээ ил, ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрсөн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн. Хойд сүв нь битүү, тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий, зүрхний янз бүрийн согогтой хүүхэд төрсөн талаархи мэдээлэл цөөнгүй гардаг. Сүүлийн үед агаарын бохирдол, ядуурлаас шалтгаалаад гэдэсний арьс нь дутуу хөгжсөн, тархины яс нь хөгжөөгүй хүүхэд төрсөн гэх үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарах болсон. Манай нийгэмд дуссан тодоос тод хар толбонуудын нэг бол яах аргагүй хөндөж буй энэ сэдэв.
Өвөрхангай аймагт зүрх нь гаднаа төрсөн гэх хүүхдийн талаар холбогдох албаныханаас тодруулж, энэхүү тохиолдлын учир шалтгааныг хайхыг зорилоо.
А.Эрдэнэтунгалаг: Цээжний ясны хөгжил дутуу хүүхэд төрсөн
Өвөрхангай аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал А.Эрдэнэтунгалагаас тодруулга авлаа.
-Саяхан танай аймагт зүрхний гаж хөгжилтэй хүүхэд төрсөн талаар мэдээлэл байна. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ер нь төрөлхийн гажигтай хүүхэд төрөх тохиолдол хэр гардаг вэ?
-Энэ удаагийнх маш ховор тохиолдол. Зүрх нь гаднаа байрласан хүүхэд төрсөн гэж хэвлэл мэдээллээр олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгааг юуны өмнө хэлмээр байна. Энэ нь хүний эрхийн асуудал талаасаа ч буруу үйлдэл. Тухайн хүүхдийг тээж байсан эх болон тэдний гэр бүлийнхэнд маш дарамттай, хүнд үе тулгараад байгаа. Манай бүсийн хувьд сүүлийн гурван жилд зүрхний ямар нэгэн гажигтай хүүхэд 6-7 удаа төрсөн. Энэ удаагийн тохиолдол бол зүрх нь гаднаа биш, цээжний ясны хөгжил дутуу хүүхэд байсан юм.
-Жирэмсний эрт үед нь оношлох боломж байгаагүй юм уу?
-Бид жирэмсэн эхчүүдээ тогтмол дуран авиан шинжилгээнд хамрагдахыг сануулж, шинжилгээний явцад 5-6 жирэмслэлтийг зогсоох арга хэмжээ ч авч байсан. Энэ тохиолдлын хувьд тухайн эх шинжилгээнд хугацаандаа хамрагдаагүйгээс л ийм асуудал үүслээ. Жирэмсэн эхчүүд эмнэлгийн хяналтад орсноос хойш 16-24, 28-32 долоо хоногтой үед заавал дуран авиан шинжилгээнд хамрагдах ёстой. Ер нь улсын хэмжээнд тархигүй, цээжний ясны хөгжил дутуу, гэдэсний битүү төрөлт, зүрхний элдэв төрлийн эмгэгтэй хүүхэд цөөнгүй төрдөг. Энэ бүхнийг судлах баг ЭХЭМҮТ-д ажиллаж байгаа.
-Ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх болсон шалтгаан нь?
- Төрөлхийн гаж хөгжилтэй жирэмслэлтийн нарийн учир шалтгааныг Монгол Улсын хэмжээнд тогтоох боломжгүй. Харин урьдчилан сэргийлэх, эхо дуран авиагаар оношлох аргыг л бид хэрэглэдэг. Яг ямар шалтгаантайг тогтоохын тулд тухайн эхийн амьдралын хэв маяг, жирэмслэх үедээ идэж ууж байсан хоол хүнс, ажлын онцлог зэргийг судлаж байж тогтооно. Хөдөө орон нутгийн хувьд хоол хүнс нь цагаан идээ, мах гээд харьцангуй эрүүл байдаг. Тиймээс эмч мэргэжилтнүүдийн зүгээс ургийн гаж хөгжилд архи, тамхины хэрэглээ хамгийн ихээр нөлөөлж байна гэж үзэж байгаа. Иймд жирэмслэх насны эмэгтэйчүүдэд хүүхэдтэй болохоор шийдсэн л бол хамгийн багадаа зургаан сарын хугацаанд архи тамхи хэрэглэх, хэтрүүлэн уух зэрэг амьдралын буруу хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж анхааруулдаг. Гэтэл өсвөр насныхны архи тамхины хэрэглээг хянаж чадахгүй байна. Судалгаагаар манай аймгийн өсвөр насны 15-18 насны нийт хүүхдийн 4.6 хувь нь архи хэрэглэдэг, 26.2 хувь нь тамхи татдаг, харин бусад нь дам тамхидалтад өртөж байна гэдгийг тогтоосон. Тэр ч бүү хэл өсвөр насныхан дэлгүүр, баар гээд л хаанаас ч хамаагүй архи тамхи худалдан авах боломжтой байдаг гэсэн судалгаа гарсан. Иймд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн байгууллагатайгаа хамтарч архи, тамхины хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар ажиллаж байна. Өсвөр насныхны буруу зуршлыг таслан зогсоохгүй бол тэд ч ирээдүйд эцэг, эх болцгооно.
Ш.Энхтөр:Нийт төрөлтийн 10 хувьд гаж төрөлт тохиолдох юм бол энэ нь үндэсний хэмжээнд яригдана
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөртэй мөн энэ сэдвээр уулзаж ярилцлаа.
-Өвөрхангай аймагт саяхан зүрх нь гаднаа хүүхэд төрсөн талаар та сонссон уу? Энэ талаар таны бодол?
-Би сайн мэдээлэлгүй байгаа. Гэхдээ ийм тохиолдол байдаг. Манайхан төрөлхийн гаж төрөлт гэж нэрлээд байгаа ч энэ төрөлтийг “төрөлхийн хөгжлийн гажиг” гэж нэрлэдэг. Төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох, төрсөн даруйд эрт илрүүлэх тандах, судалгаа хийх нэгжийг манай эмнэлэг дээр байгуулсан. Ингэснээр хөдөө орон нутаг болон нийслэлийн хэмжээнд “төрөлхийн хөгжлийн гажиг”-тай төрөлтийг бүртгэж, нэгдсэн нэг дүнтэй болох юм. Хамгийн сүүлийн мэдээллээр 2011 онд 72 мянган эх төрснөөс 405 хүүхэд “төрөлхийн хөгжлийн гажиг”-тай төрсөн байгаа. Эдгээр хүүхдүүд нь нийт төрөлтийн 0.6 хувь гэдэг нь маш бага тоо.
Монголын хувьд 2005-2007 оны хооронд 406 орчим хүүхэд “төрөлхийн хөгжлийн гажиг”-тай төрсөн гэсэн бүртгэл бий. Үүнээс харахад өнгөрсөн оны тоо нь илт өссөн юм шиг харагдах нь ойлгомжтой. Гэхдээ энэ тоо өсөхөд 2008 онд ДЭМБ-аас уруул сэтэрхий зэрэг жоохон асуудалтай л төрсөн бол “төрөлхийн гажиг хөгжилтэй” гэж бүртгэх болсон нь нөлөөлсөн. Ер нь бол нийт төрөлтийн 0,6 хувь гэж байгаа үндэсний хэмжээнд маш бага тоо. Харин нийт төрөлтийн 10 хувьд гаж төрөлт тохиолдох юм бол энэ нь үндэсний хэмжээнд яригдах аймшигтай асуудал болно. Өвөрхангайд төрсөн хүүхдийн хувьд 405 хүүхдэд 1-2 л тохиолддог.
-Шалтгаан нь юу байна?
-Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх шалтгаан нь янз бүр. Нөлөөлж байгаа хүчин зүйл нь ч янз бүр. Хүмүүс ихэнх тохиолдолд энэ бүх асуудлын бурууг агаарын бохирдол руу чихэх, өөрөөсөө бусдыг буруутгадаг.Ямар ч байсан Канадын нэгэн судалгааны баг Монголын нэг ТББ-тай нийлэн агаарын бохирдол урагт нөлөөлж байгаа эсэхийг судалж байгаа гэсэн. Хэрэв тэд агаарын бохирдол үнэхээр урагт нөлөөлж байгааг тогтоож чадвал сайн байна. Монголчууд одоогоогоор яг юунаас болж “төрөлхийн хөгжлийн гажиг”-тай хүүхэд төрж байгааг тогтоох боломжгүй. Гагцхүү бидэнд байгаа баримтаар жирэмсэн эх ураг бүрэлдэж байхад хүчтэй антибиотек хэрэглэх, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх зэргээр амьдралын хэв маяг хэвийн биш, жирэмслэлтийн эхэн үед бэлгийн замын халдварт өвчтэй байсан бол ураг гаж хөгжих магадлал маш өндөр гэдгийг л тогтоосон.
-Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрсөн тохиолдолд манай эрүүл мэндийн байгууллагууд ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
-“Төрөлхийн хөгжлийн гажиг”-тай төрж байгаа хүүхдийн нэгдүгээр байранд буюу талаас илүү хувийг сэтэрхий уруул, тагнайтай хүүхэд эзэлж байгаа. Уруул тагнайн мэс заслын асуудлыг монголчууд бүрэн шийдсэн. Манай эмнэлэгт болон хөдөө орон нутагт очиж энэ төрлийн хагалгааг хийж байгаа. Харин зүрхний гаж хөгжлийн хувьд дөрөв дэх шалтгаан. Өнгөрсөн онд “төрөлхийн хөгжлийн гажиг”-тай төрсөн хүүхдүүдийн 158 нь зүрхний гаж хөгжилтэй гэж оношлогдсон. Зүрхний гаж хөгжил бол аюултай. Энэ асуудлыг манай эмнэлэгт шийдэж чадахгүй байгаа. Харин Клиникийн III эмнэлэгт гадаад, дотоодын эмч нарын тусламжтайгаар энэ төрлийн хагалгааг хийж байгаа. Тиймээс ЭМЯ, ЭХЭМХТ хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр нийт төрөлтийн дотор бага тоотой байгаа ч цаашид энэ төрлийн өвчтэй хүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох, төрсний дараа 5 хүртэлх насанд нь оношоор илрүүлэх нэгдсэн тогтолцоонд шилжих болсон. Мөн ирэх 2013 оноос үндэсний хэмжээнд “төрөлхийн хөгжлийн гажиг”-ийн судалгаа хийхээр болсон. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд төрөлхийн гаж хөгжил болон зонхилох гажигийг бүртгэсэн нэгдсэн бүртгэлтэй болно. Мөн манай төв дээр 600 гаруй сая төгрөгөөр тун удахгүй “Анагаахын удамзүйн лаборатори”-ийг байгуулах гэж байна. Энэ лабораторид төрөлхийн гажигийг эхийн хэвлийд байхад нь бүрэн оношлож, жирэмслэлтийг таслан зогсоох хүртэл арга хэмжээ авдаг болно. Ингэснээр эхийн эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалахаас гадна нийгэм эдийн засгийн хувьд ч чухал үр дүнтэй.
...Холбогдох албаныхан ийнхүү мэдээлэл өглөө. Ер нь энэ талаар эмч нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх дургүй гэнэ. Учир нь “асуудалтай” төрсөн эхийн хувь хүний нууцад халдсан хэрэг гэж үздэг аж. Ямартай ч Өвөрхангай аймагт сүүлийн гурван жилд ургийн гаж хөгжилтэй жирэмслэлтийн 36 тохиолдол илэрч, дээрх тохиолдлоос 17 ураг амьгүй төрсөн гэх мэдээлэл байна. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс жирэмсэн эх эмчийн хяналтад хожуу ордогтой холбоотой хэмээн үзэж буй. Гаж төрөлт ихэсч байгаа шалтгааныг эмч, мэргэжилтнүүд судлан шинжилж, яг юунаас болсныг тогтоох боломжгүй буюу одоохондоо үүнийг оношлох техник тоног төхөөрөмжтэй болоогүй гэнэ. Харин сүүлийн үед малчин эмэгтэйчүүдэд энэ тохиолдол түлхүү илрэх болсон нь малын эм тариа нөлөөлсөн байж болзошгүй гэж үзжээ. Учир нь малд эвомик тариа тарьсны дараа сүү, махыг нь 30-аас дээш хоногийн дараа хүнсэнд хэрэглэх зөвшөөрөлтэй байдаг аж. Гэвч малчид тариа тарьсан өдрөө сүүг нь ууж, сарын дотор махыг нь хүнсэндээ хэрэглэж байгаа нь ургийн гаж хөгжил үүсэхэд шууд нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байна. Мөн эмэгтэйчүүд 35-аас дээш насандаа жирэмслэх нь ихэссэн, эрэгтэйчүүд архи, тамхи байнга хэрэглэдэг болсон нь ургийн гаж хөгжлийн бас нэгэн шалтгаан болж байгаа хэмээн мэдэгдэж байна.
Тэгвэл эндээс нэгэн гаргалгаа үүсэж болох юм. Хэрэв малчин эхчүүдийн дунд химийн гаралтай эм тариаг хэрэглэсэн малын мах, сүүнээс болж гаж төрөлт ихсэж байгаа гэж таамаглаж буй бол малын мах сүүг хэрэглэдэггүй монголчууд хэд билээ гэж бодоё. Ингэхээр манай улсад сүүлийн жилүүдэд огцом өсөж буй ургийн гаж хөгжил, гаж төрөлтөд нөлөөлөх хүчин зүйл мундахгүй их аж.
Эмэгтэй хүн эх болно гэдэг амьдралын алтан хором, аз жаргалтай мөч юм. Гэтэл ямар шалтгаантайг ч мэдэж чадалгүй арван сар тээсэн хүүхдээ “жирийн биш” төрөхийг хараад сэтгэлийн хэт хямралд өртөх, төрөлхийн хөгжил дутуу гэдгийг нь мэдээд эмнэлгийн цонхоор оргож байсан эхийн тухай сонссон л байх. Энэхүү “жирийн биш”тохиолдол монголын маань цөөнгүй эхчүүдэд учирч байгаа бодит үнэн. Ямартай ч эх болохоор шийдсэн л бол бүсгүй та юуны өмнө өөрийгөө бэлдээрэй гэдгийг захих нь илүүц биз. Гэхдээ уух ус, идэх хоол нь эрүүл, цэвэр байх боломж нь багассан, агаарын болон орчны бохирдолтой, элдэв төрлийн эм тариаг дур мэдэн ашигладаг гээд л маш олон “буруу” зуршилтай, бид. Гагцхүү “жирийн биш” дээрх тохиолдол аюул та бидний хэнд ч тохиохыг үгүйсгэх аргагүй цаг үед амьдарч байгаа гэдгийг сануулахыг хүслээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ