Ч.Амарболд нарын гомдлыг хэлэлцэнэ
2008 оны сонгуулийн дараахь үймээнээр хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өнөөдөр дээд Шүүхэд хэлэлцэнэ.
Экс удирдлагуудыг сонгуулийн дараахь эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон.
Гэхдээ тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эл шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж байсан юм.
Хяналтын шатны хуралд өнөөдөр Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Н.Оюунцэцэг, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нар оролцоно.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ