Барилгынхан гэдэг зүүн хойд талын хар овоохой биш

img

Монгол Улсын их барилгын салбар эх орныхоо бүтээн байгуулалтад цаг үеийн шаардлагаар түүхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Сүүлийн үед Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсанаас барилгын салбарт эмх замбараагүй  байдал үүсч, аваар осол нэлээд гарах боллоо. Автозамын хөдөлгөөнд түгжрэл үүсч, явган зорчигчдын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн нь нууц биш. Иймээс нийслэлийн шинэ удирдлага зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч амьдрал дээр зарим талаар зөрчилдөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2012 оны есдүгээр сарын 7-ны өдрийн захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи, шаардлага зөрчигдөж, иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөөр нь хохироох явдлыг таслан зогсоох зорилгоор эрх бүхний байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийгдэж буй нийт барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг НМХГ-т даалгасугай” гэсэн юм. Гэтэл Барилгын тухай хуульд зааснаар Засаг даргын бүрэн эрхэд “Барилгын ажлыг зогсоох тухай захирамж гаргах” эрх хэмжээг хуульчлаагүй байна.

Харин энэ байдлаас улбаалан нийгэмд барилгын салбарыг  “хараар будаж”, барилгачдын хөдөлмөр бүтээлийг үл ойшоох хандлага гарч эхэлсэн нь дэлхий нийтэд нэгэнт нүүрлэж эхэлсэн эдийн засгийн хямралын эхлэл дээр нэрмээс болж байна. Сүүлийн үед мэнгэ нь голлосон юм шиг ар араасаа цувран гарсан “Саппоро”, “Тэнгис” кинотеатр орчмын болон “Рапид харш”-ийн барилгын талбай дээрх аваар ослууд ч олны сэтгэлийг эмзэглүүлжээ. НМХГ-аас гаргасан БУАЭҮЗ-гүй 79 барилгын тоо цөөрсөн нь анхнаасаа төрийн албаныхны хайхрамжгүй хандсан ажлын нэг илрэл юм. Ер нь барилгын компаниуд үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд хот байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн газар зохион байгуулагч, дүүрэг хариуцсан архитектор болон дулаан, усан хангамж, ариутгах татуурга, холбоо, цахилгааны инженер гээд 120 гаруй албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг. Эдгээрийг ном журмынх нь дагуу гүйцээхэд бүтэн жил хөөцөлдөнө, тэд бас гар хараад суучихдаг нь гашуун үнэн.

Барилгын компанийн эзэд наашаа харж инээж, цаашаа харж уйлан төрийн захиргааны байгууллагын хүнд суртлын өмнө өвдөг сөхрөн алдаж, үйлээ үзэж үстэй толгойгоо зулгаадгийг тэр бүрий хүмүүс мэддэггүй. Нэг түшмэлээр гарын үсэг зуруулахын тулд наад зах нь долоо хоног царайчлах юу ч биш. Зураг төслийн  байгууллагын гаргасан зураг төслийг  баталгаажуулахад олон шат дамжлагатай, барилгын техникийн нөхцөл гаргуулахад ихээхэн хүндрэлтэй, мөн л цаг хугацааны хувьд төлөвлөх ямар ч боломжгүй,  үргэлж л хойшлогдож байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах гэхэд дээрх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай учраас нэг нэгэндээ гох дэгээ болсоор байна. Гэтэл манай орны хувьд  хүйтэн сэрүүний улирал жилийн хагасыг эзэлдэг, барилга барих хугацаа асар богино, мөн барилгын компаниуд өндөр хүүтэй зээлийг богино хугацаатай авч арай чамай хөрөнгө оруулалт хийдэг нь хавар, зуны хэдхэн  сард ажлаа багтааж дийлэхгүй он дамжихад хүрдэг нь хэний ч нүдэн дээр ил байна шүү дээ. Иймээс л компаниуд барилга барих  зарим зөвшөөрлөө хүлээж тэвчилгүй цаг алдахын оронд ажлаа арга буюу эхэлдэг зовлонг үүрсээр явна.

Их барилгын салбарт нүүрлэсэн энх цагийн эл гамшгийн учир шалтгааныг дараах байдлаар тоймлон харж болно. Хот төлөвлөлтийн  буруу  бодлогын хувьд гэхэд улстөрчид хувийн ашиг сонирхлын үүднээс эрх баригч намын нэр барин хөндлөнгөөс оролцдог. Газрын алба өөрийн давуу эрхээр хотын ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүй ашигтай байрлал бүхий  газрыг дур мэдэн олгодог бөгөөд энэ нь далд бизнесийг цэцэглүүлж, авлигын үндсийг нэгэнт тавьжээ.  Батлагдсан  ерөнхий төлөвлөгөөг нийтээр дагаж мөрддөггүйгээс Нийслэлийн газрын албаны эрх мэдэл өндөр байдаг. Барилгын яам, газрын алба, хот байгуулалтын асуудал хариуцсан агентлагуудын  ажлын уялдаа холбоо муугаас тус тусын явцуу эрх ашгаа л урьтал болгодог байна.

Шинэчлэлийн Засгийн газар, хотын шинэ удирдлага “Зогсооё,  нураая, зайлуулья”  гэхээсээ илүү энэхүү асуудлын гол зангилааг тайлж, элдэв хүнд суртал, олон шат дамжлагыг үгүй хийх, нийтийн албаны үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Төр засаг маань барилгын салбараа элгээр нь хэвтүүлэх юм бол улс оронд олон сөрөг үр дагавар авчирна шүү дээ. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид буюу үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт  татарвал орон сууцны нийлүүлэлт багассанаас  эрэлт зохиомлоор ихсэх, барилгын материалын өртөг зардал нэмэгдэх, тус салбарт ажлын байр хумигдана. Түүнчлэн барилга угсралт, засвар үйлчилгээ, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, маашин механизм, автомашины худалдаа, түрээсийн үйлчилгээний цар хүрээ хүссэн ч хүсээгүй ч эрс багасч таарна. Мөн хувиараа болон бригадын системээр ажилладаг хүмүүс ажилгүй болж, нийслэлийн барилгын аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээ багасч, арилжааны банкнууды урт хугацааны зээлийн эргэн төлөлт муудах нь гарцаагүй. Барилгын салбарт аяндаа ажилгүйдэл, нийтийн ядуурал нүүрлэх магадлал өндөр юм.

Эцсийн эцэст энэхүү хямралын гол эх үүсвэрийг тавьж буй төрийн байгууллагын хүнд суртал, улстөрчдийн увайгүй оролцооноос барилгын салбарыг ангижруулахын тулд НИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд шийдвэртэй тэмцэх нийгмийн шинэ маягийн шаардлага урган гарч ирж байна. Хэдэн барилгыг зогсоож нураагаад асуудал шийдэгдэхгүй, харин элдэв зөвшөөрлийн тоог цөөлж, шат дамжлагыг багасгаж, төрийн зарим ачааг төрийн бус байгууллагад үүрүүлж, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэн оновчтой зохион байгуулах цаг болжээ. Барилын салбарын хүч хөрөнгө, барилгачдын авьяас чадварыг зөв зохион байгуулж дэмжсэнээр  улс орноо хөгжил дэвшилд ойртуулна.

Барилгын салбарт байгаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дутагдал доголдол, саарахгүй байгаа осол аваарын талаар хариуцлагатай өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлагатай гэдэгт санал нэгтэй байна. Аливаа аваар осол нь тухайн компаний удирдлага,  зохион байгуулалт, ажлын  хариуцлага сахилгаас шууд хамааралтай байдаг учраас бүхэл бүтэн барилгын  салбарын хэмжээнд хамаатуулах нь туйлширсан хандлага  болно. Асуудлыг аль аль талдаа ойлголцож, бэрхшээлийг хамтран давж гарахын тулд зөвшөөрөлгүй барилга гэдэг ойлголтоо эргэн нэг харж нэг мөр болговол нийгмийн уур амьсгалд алсдаа хэрэгтэй байх болов уу. Ихэнх нь компаниуд газрын зөвшөөрлийн захирамж нь гарсан, дулаан, цахилгаан, ус, холбооны техникийн нөхцөл нь батлагдсан, экспертиз зураг нь хүлээгдэж байгаа, эсвэл бүх материал нь бүрдсэн  мөртлөө барилгаа эхлүүлсэн, эсвэл зөвшөөрлөө хүлээж байгаа нь  зэрэг зэрэмдэг байдалтай байгаа учир  ялгаж салган олон түмэнд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Эс тэгвэл барилга болгоныг шахам нүд үзүүрлэх хандлагатай байгаа нь нууц биш.

Эцэст нь гуйхад  төр засгийн байгууллагууд, түүний бүх шатны  удирдлага, ажилтнууд нь ямар ч салбарт хурдацтай  үйл ажиллагаа явуулахад асар их дөнгө болж буй авлига, хүнд суртлын асуудлаа нийтийн ашиг сонирхлын тусын тулд цэгцэлж өгөөч ээ хэмээн барилгачид үгээ хэлж байна. Монголын барилгачдын үндэсний ассоциаци, Барилгачдын холбоо, Барилгын хөгжлийг дэмжих үндсэний төв байгуулагдаад удаагүй ч архитектор, мэргэжлийн инженер техникийн ажилтан, хаалга, цонх үйлдвэрлэгч зэрэг 10 гаруй мэргэжлийн холбоог эгнээндээ нэгтгэсэн томоохон төрийн бус байгууллага юм. Гэсэн ч тэдний дуу хоолой нийгэмд одоо хэр дорвитой сонсогдсонгүй. Ур ухаан, уран гараараа хот сүндэрлүүлдэг барилгачдад дээшээ төр хол, дэргэд ашиг сонирхлыг нь хамгаалах албан ёсны байгууллага үгүйлэгдэх учиргүй.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huuli bus zuil hiij bj bitgii hutsaad bai ta nar muusain gichiinuud naad barilgaa nuraaj avtsgaa
2012-11-28
shaar:
tiim shuu ene unen ug muul bol..... har oboohui barilga bishee
2012-11-28
gandirs:
Bugd luivarchid bishe. Orchlon morchlon l luivarchid baih.
2012-11-28
hurlee:
barilgiin companiud yostoi luivarchid yumdaa
2012-11-28
хаа сайгүйл гипсэн картонон ханатай элит орон сууцууд байна. захын хар овоохой мөн.
2012-11-28
xaana tiim giipsen xanatai oron suuz baina
2012-11-28
Газрын алба өөрийн давуу эрхээр хотын ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүй ашигтай байрлал бүхий газрыг дур мэдэн олгодог бөгөөд энэ нь далд бизнесийг цэцэглүүлж, авлигын үндсийг нэгэнт тавьжээ. .......... гэсэн байна авлигын хэрэгт хэдэн комданы захирал татагдаад байна .
2012-11-28
orchlon:
21-r zuund hajuu ailaasaa giipsen hanaar tusgaarlasan oron suuts baridag gazar orchlon l baina.Ted bol tsairsan luivarchid.
2012-11-28
Barilgiin companiud bol luivarchid. Jishee n orchlon construction. Gereend zaasnaar hugatsaandaa ashiglaltand oruulaaguin 0.05%-ia ogohgui zugtaad baigaa.Bodvol zahiral Ganzorig n nyagtlantaigaa huvaagaad halaasalsan baih.
2012-11-28
Ganbat:
Ta unexeer goliig ni olj bichjee. Ene olon barilgiin xolbood,Zoblox engineer uud barilgiin salbariin xund ued duugarsangui. Barilgiin Yam bur baixgui.Said,Topiin nriin bichig geed barilga medexgui xumuus tomilogdsonii gor garch baina. Barilgiin salbar ajiliin bair bii bolgoj busad salbaraa chirdeg.Mon ene salbart 800n terbum togrog ergelddeg. Chamd amjilt xusy.
2012-11-28
Irgen:
Uneheer hodolmoriin tuhai huuliig zorchood ayulgui ajillagaand anhaaralaa handuulahgui bga ni unen biz dee. Oorsdoo ehleed huulia mordoh heregtei. Ayulgui ajillagaa gedeg bol mash chuhal. Bas nemj helehed unee dur meden osgodog chine une biz dee. Yamar ch haraa hyanaltgui osgood ondor une helchiheed suuj bga chine unen biz dee. Oorsdoo joohon eh oronch setgelgeetei baigaach.
2012-11-28