
Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч, анхны ерөнхийлөгч агсан Ясир Арафатын цогцсыг дахин шинжлэхээр бунхнаас нь гаргаж байна.
Ясир Арафат 2004 оны арваннэгдүгээр сарын 11-нд 75 насандаа Парисын Перси цэргийн эмнэлэгт таалал төгсч байсан.
Тэрээр комд орсноосоо хойш найм хоногийн дараа нас барсан юм. Түүний үхлийн шалтгаан өнөө хэр тодорхойгүй байсаар.
Францын эмч нар Арафатыг цус харвалтын улмаас дотуур цус алдаж нас барсан хэмээн оношилсон байдаг бол ойр дотныхон нь түүнийг Израилийн тусгай албаныхан хөнөөсөн гэж сэжиглэсээр байгаа, чухам аль нь бодит үнэн болохыг хараахан тогтоогоогүй л байна.
Ясир Арафатын цогцсоос Франц, Швейцарь, ОХУ-ын бие даасан шинжээчид дээж авч, шинжилгээ хийхээр бэлэн болоод буй. Цогцост шинжилгээ хийсний дараа өдөртөө багтаан бунханд ёслол хүндэтгэлтэйгээр дахин оршуулах юм. Арафатын цогцсыг дахин оршуулахад цэргийн хүндэт ёслол хийх аж.
Палестинчууд шинжилгээний хариугаар Ясир Арафатыг цацраг идэвхит полони гэгч хоронд хордсон гэдэг сэжиг таамгийг эцэс болгоно гэж найдаж байгаа. Харин Швейцарийн цацрагийн хүрээлэнгийн эрдэмтэд Ясир Арафатын байнга зүүдэг байсан толгойн алчуур, шүдний сойз зэргээс цацраг идэвхит полони-2010 хэмээх бодис илэрсэн болохыг цухас хэлж байсан.
Гэхдээ илүү баттай нотолгоо гаргахын тулд цогцост нь задлан шинжилгээ хийх хэрэгтэй хэмээсэн нь түүний үхэлд Израйлийн тусгай албаныхан буруутай хэмээн сэжиглэж байсан палестинчуудын эргэлзээг дэврээсэн билээ.
Палестины чөлөөлөх хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон Ясир Арафатын үхлийн тухай “Аль Жазира” телевиз өнгөрсөн долдугаар сард шинэ баримтат нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Уг нэвтрүүлэгт Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч агсны бэлэвсэн гэргий Coxa Арафат талийгаач нөхрийнхөө эд зүйлсийг Швейцарийн Лозанна дахь Европын шилдэг лабораториудын нэгэнд шинжлүүлсэн тухай өгүүлдэг. Арафатын бэлэвсэн эхнэр нөхөр нь цацраг идэвхит полонид хордож нас барсан эсэхэд 100 хувь итгэхийг хүсч уг шинжилгээг явуулахыг хүсчээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ