Египетэд байдал хурцадсаар байна

img

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсиг ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өргөжүүлэхтэй  холбоотойгоор тус улсын ард иргэд дургүйцэн, эсэргүүцлээ илэхийлж жагсаал өрнүүлээд байгаа билээ. Египетийн нийслэл Каир хотын Тахрирын талбайд “дарангуйлагч” ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд мянга мянган эсэргүүцэгчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа юм. Тахрирын талбайд цугласан босогчид “Египетийн бүх ард түмэн Мурсигийн мэдэгдлийг эсэргүүцэж байна” хэмээн хашгирч байжээ. Өчигдөр оройн байдлаар олон тооны хүмүүс бухимдаж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна. Мөргөлдөөн ширүүхэн болсон хэдий ч азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байна. Цагдаа нар цугласан иргэдийг тараахаар нулимс асгаруулагч хий ашигласан боловч төдийлөн хүч хүрсэнгүй. Харин ч талбайд цуглах  иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Египетийн хамгийн анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаа авснаас таван сарын дараа Израйль болон Палестины эрх баригчдыг энхийн хэлэлцээ байгуулахад зуучлагч болж байсан. Харин энэ явдлаас долоохон хоногийн дараа тэрбээр хэмжээлшгүй эрхт хаан шиг эрх мэдэлтэй болохыг хүссэн нь ийнхүү ард иргэдийн дургүйцэлтэй тулгархад хүрээд буй. “Ард иргэд бид дахин дарангуйллын сүүдэрт амьдрахыг хүсэхгүй байна. Мухаммед Мурсиг бид Хосни Мубаракаас өөр хүн байгаасай гэсэндээ сонгосон, Египетийн ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй байна” хэмээн жагсагчид ярьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор зөвхөн ард иргэд жагсаад зогсохгүй тус улсын 34 шүүх танхимийн 27 нь, нийт прокуроруудын 90 хувь нь ажил хаяжээ. Шүүгчид “Энэ бол шүүх систем рүү дайрсан хамгийн хэрцгий бөгөөд бүдүүлэг үйлдэл. Урьд өмнө гарч байгаагүй хэрэг боллоо. Бидэнд ажил хаяхаас өөр сонголт алга” хэмээн ярьжээ. Мухаммед Мурси өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт өөрийнх нь гаргасан шийдвэр, тушаалыг ямар ч шүүх хэлэлцэн батлахгүй бөгөөд хэн ч өөрчилж болохгүй хэмээх зарлиг гаргасан юм. Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл Египетэд эмх замбараагүй байдал үүсгэж, ард иргэд босоход хүргэсэн байна. Өнгөрсөн даваа гаригт Мухаммед Мурси Египетийн Дээд шүүхийн зөвлөлийн гишүүдтэй зарлигийнхаа талаар уулзсан байна. Зөвлөлийн гишүүд түүнийг дэмжих хандлагатай байсан ч уулзалтынхаа дараа ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаагаа мэдээлжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ