Венесуэлийн ерөнхийлөгч Куба улс руу дахин эмчилгээнд явна

img

Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес Куба улс руу дахин ээлж эмчилгээнд явах гэж байна. Хуулийн дагуу, мягмар гаригт тэр Үндэсний ассамблейд (парламент) хүсэлт явуулж, үүнийг нь парламент сайшаажээ. Тэр биеэ сайжруулахын тулд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа мэдэгдсэн байна. Ингэхдээ ерөнхийлөгч  энэ ээлжийн эмчилгээний үргэлжлэх хугацааг хэлээгүй ч, “эмчлэгч эмч нарын  боловсруулсан эмчилгээний зааврыг сүүлийн үед хатуу барьж байсан” гэдгээ  дурджээ. Өнгөрсөн жил Чавес хорт хавдар авахуулах мэс засал хийлгэсэн юм. Дараа нь тэр  химийн дөрвөн ээлж эмчилгээ хийлгэж, хавдараа байхгүй болгосон байна. Гэвч хэдэн сарын дараа хяналтын шинжилгээ хийхдээ, эмч нар түүний аарцаг, өөрөөр хэлвэл түрүүнд нь хорт хавдар авахуулсан тэр газрын хавиас  шинэ хавдар илрүүлжээ. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр Гавана хотын эмнэлэгт түүний хорт хавдрыг авсан юм. Үүний дараа Уго Чавес Кубад тогтмол очиж, туяаны эмчилгээ хийлгэж байсан бөгөөд долоодугаар сарын эхээр сэтгүүлчидтэй ярилцахдаа, “огт хорт хавдаргүй болсон” гэдгээ зарласан юм. Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялсныхаа дараа Чавес  албан ёсны арга хэмжээн дээр тун цөөхөн үзэгдэх болжээ. Сүүлчийн удаа арваннэгдүгээр сарын 15-нд шууд нэвтрүүлгээр гарсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ