
Боловсролын тогтолцоо бусдаас сайн бүтэцтэй улсуудын жагсаалтыг Их Британид гаргалаа гэж ВВС мэдээлжээ. Энэ жагсаалтын эхэнд Финланд улс бичигдэж, Өмнөд Солонгос удаалж, гуравт Гонконг орсон байна. Дөрөв, тавдугаар байранд Япон, Сингапур улс орсон байна.
Эхний аравт Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Швейцарь, Канад бичигджээ. Энэ жагсаалтаас үзвэл, АНУ, Герман, Францын боловсролын тогтолцоо нэлээд доогуур байна. Орос улс жагсаалтын 20-т оржээ.
Жагсаалт гаргахдаа 2006-2010 онд дээд сургууль төгсөгчдийн өгсөн олон улсын шалгалтын дүн, түүнчилэн энэ хугацаанд дээд сургууль төгсөгчдийн тоог харгалзан үзсэн байна.
Судалгаа хийсэн боловсролын “Pearson” компанийн ерөнхий зөвлөх ноён Майкл Барберын хэлснээс үзвэл, багш нарт өндөр статус олгодог тэр улсууд жагсаалтад тэргүүлэх байр эзэлжээ. Түүнчилэн эдгээр орон боловсролын өөрийн гэсэн соёлтой.
Боловсролын зардлыг тооцоолоход хялбар боловч, энэ нь гол биш. Сургалтад нийгмийн хандах хандлага чухал үүрэгтэй байдаг гэж Барбер хэлсэн байна. Жагсаалтад орсон Азийн орнуудын амжилт нь эрх баригчид энэ салбарыг анхаарч, эцэг, эхчүүд ч их хүлээлттэй байдгийг харуулж байна гэж тэр тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ