Өвөлжилт хүндэрч байна гэв

img

Энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ҮХАА-н яамнаас нийт аймгуудын удирдлагуудтай цахим хурлыг Төрийн ордноос явууллаа.  Энэ жил хийсэн хаваржилтын бэлтгэл ажил,  малын тарга хүчний үзлэг, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдлийн бэлтгэлийн ажил зэргийг нэгтгэн дүгнэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил 86.6 хувьтай байгаа аж. Хурлын үеэр салбарын албан тушаалтнууд дараахь мэдээллийг өгч байна.

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан

Мал аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүх шатанд хангах Засгийн газрын 236 дүгээр тогтоол, ҮХАА сайдын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг аймгуудаас нэгтгэсэн. Түүнчлэн манай яамнаас ажлын хэсэг томилогдон, бүх аймгуудад очиж  өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан.

Энэ жил нийт бэлтгэх ёстой хадлангийн 92 хувийг, тэжээлийн 91 хувийг, гар аргаар бэлтгэх тэжээлийн 86 хувийг бэлдээд байгаа. Гэхдээ аюулгүйн нөөц бүрдүүлэх тал дээр дутагдалтай байна. Өнөөдрийн байдал бэлтгэл ажил сайн байгаа ч цаг уурын огцом хүйтрэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас дахин зуд болж хүндрэх магадлалтай байна.

Өнгөрөгч 2009-2010 он өвөл, хавар тохиолдсон байгаль цаг агаарын хүндрэлийн үед өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаагүйгээс малчид 10.3 сая малаа зүй бусаар хорогдуулж 570.0 тэрбум төгрөгийн хохирол амссан гашуун сургамж бий. Энэхүү хохирлыг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 9.8 тэрбум, гадаад орон, олон улсын байгууллагаас 12.3 тэрбум, гадаад дотоодын хандиваар 27.1 тэрбум төгрөгийг зарцуулж байсан.

ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, хурандаа Б.Цогтбаатар

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн  80 орчим хувь нь цастай байна. Үүнээс 30 гаруй хувьд нь 10 см зузаан цастай байна.  Түүнчлэн 7 аймгийн 16 сумдад мал  бэлчээрлэх боломжгүй. Цасны зузаан нэмэгдэж байгаа учраас малын бэлчээрд хүндрэл учирч байна. Арваннэгдүгээр сарын 26,27 өдрүүдэд  зарим нутгаар 01-02 мм зузаан цас орсон. Ялангуяа цас ихтэй байгаа Увс, Аранхангай, Булган, Сүхбаатар, Баганнуур дүүрэгт 3-5.5 см зузаан цас нэмж орлоо. Хүчтэй салхи шуургатай байсан тул цасны зузаан бага зэрэг нэмэгдсэн. Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь зэрэг аймгаар 18-20 секунд хүртэл үү шороон болон цасан шуурга шуурсан. Өнгөрөгч шөнөөс хүйтний эрч эрс чангарч байгаа. Завхан, Баянхонгорт шөнөдөө -30  хэм хүртэл хүйтэрлээ. Ойрын өдрүүдэд баруун, болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.  12 сарын дунд үеэр хүйтний эрч чангарна. Ирэх нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээллээр цас ахиухан орох  төлөвтэй байна.

Түүнчлэн аймгуудаас  өгсөн мэдээллээр Өмнөговь аймгийн хувьд найман суманд цасан бүрхүүл тогтсон. Таван суманд өвөлжилт хүндэрч болзошгүй болсон. Урьд шөнө зарим сумдад 28 секунд хүртэл цасаар шуурснаас Манлай сумын малчин н.Батжаргалын 300 гаруй толгой мал уруудан алга болжээ. Аймгаас эрлийн баг гарган хайх ажиллагаа явуулж байгаа ч мал олдоогүй тухай мэдэгдэв. Ер нь цаашид цас орсоор байвал өвөлжилт хүндэрнэ. Тиймээс одооноос эхлэн урьд жилийн улсын нөөц дэх өвс тэжээлийн үнийг бууруулж, малчдад худалдах арга хэмжээг авах шаардлага гарч ирж буйг тус аймгийнхан яамныханд санууллаа. Өвс тэжээлийн үнийг бууруулах хүсэлтийг Дундговь аймгаас ч тавьж байна. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар урьд жилийн пресс өвс 4400-4600 төгрөгийн үнэтэй аж. Үнийг нь буулгачихвал малчид худалдаад авах боломжтой, нөгөө талаас фондыг шинэ өвс тэжээлээр хангах шаардлагатай. Тийм учраас энэ ажлыг цаг алдалгүй зохион байгуулах талд яамнаас шийдвэр гаргаж өгөхийг хүсэлт тавив.

Баянхонгор аймгийн хувьд бусадтай харьцуулахад өвөлжилт гайгүй байгаа. Уулархаг нутгаараа 90 хүртэл см зузаан цас тогтсон нь тэгж ч их тайвшраад сууж болохгүйг сануулж байгаа. Тиймээс цаг алдалгүй зарим ажлыг хийх шаардлагатай болж буйг дуулгалаа. Тухайлбал,  Улсын Онцгой комиссын зүгээс ирэх арванхоёрдугаар сарын 10-н хүртэл улсын нөөц дэх өвс тэжээлийг хөдөлгөж болохгүй гэсэн бодлого барьж буй нь цаг алдах аюултайг сануулав. Учир нь зам даваа хаагдаагүй, цаг агаар гайгүй байгаа үед улсын нөөц дэх өвсийг сумд руу татаж, малчдад худалдах ажлыг одооноос зохион байгуулахгүй бол цаг нь тулж цаг агаар хүндэрсэн үед эл ажлыг хийх нь хугацаа алдсан хэрэг болно. Дээр нь зардал ихээр гарна. Тиймээс эл шийдвэрээ цуцлахыг хүслээ.

Ховд аймгийн хувьд 17 сумын 91 багт хонин толгойд шилжүүлснээр 2.1 толгой сая мал өвөлжинө. Цас нэлээд тогтсон нь бэлчээрт хүндрэл учруулах төлөвтэй байгаа. Одоогоор Чандмань, Дуут, Мөст, Мөнххайрхан зэрэг сумдад бэлчээрийн даац хэтэрсэн, цас нэмж орвол байдал бишдэнэ. Ойрын хугацаанд яаралтай авах арга хэмжээний нэг нь шатахууны нөөц бүрдүүлэх шаардлагатай. Цас их хэмжээгээр орж болзошгүй үед шатахуун тослох материалынхаа нөөцийг бүрдүүлэхгүй бол сандаргаж мэдэхээр байгаа аж. Хэсэг хугацаанд аймгийн хэмжээнд дизель түлш тасалдсан, тиймээс дахин ийм аюултай байдалд орохгүй тулд шатахууны нөөцөд анхаарал хандуулах шаардлагатай болжээ.

Архангай аймгийн хувьд өндөрлөг бүсэд оршдог нь цас ихээр орж зам даваа хаагдсан үед өндөр хүчин чадлын техник хэрэгсэл ашиглан нээх шаардлагатай болдог байна. Гэсэн ч ийм техник хэрэгсэл нь байхгүй тул Зил-130 машинаа ашигладаг, харин түүнийх нь хүчин чадал хүрэхгүйгээс зарим бэрхшээл тулгарч буй тухай аймгийнхан хөндлөө. Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилт гайгүй байгаа, гэхдээ Хотонт, Жаргалант, Булган,  зэрэг сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй аж.

Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Аймгийн хэмжээнд 30 гаруй удаа цас орсон, үүнээс сүүлийн зургаан удаагийн цас малчдын төдийгүй тээвэр хийж яваа иргэдэд бэрхшээл учруулах болсон тухай аймгийн удирдлагууд мэдэгдлээ.

Одоогоор нийт 11 сум хүнд нөхцөлд өвөлжиж байгаа гэнэ. Цасны зузаан зарим газарт 60-80 см тогтсон. Зуншлага сайн байсан нь малчид өвс тэжээлээ ахиу бэлтгэж авсан ч мал бэлчээрлэх боломжгүй байгаагаас малчид бэлтгэсэн өвс, тэжээлээ өгөөд үндсэндээ дуусах шатандаа оржээ. Сумдад байршуулсан өвс, тэжээл ч дуусах төлөвтэй болсон. Гэтэл өвөл дөнгөж эхэлж байдаг, цаашлаад хаврын урт өдрүүд залгана, тиймээс малаа турж эцээгүй тарга тэвээрэгтэй байгаа үед нь төхөөрч нөөцлөх үүргийг аймгаас  өгчээ.

Увс аймгийн хувьд нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон, хунгарласан хэсэгтээ цасны зузаан 1.60 метрт хүрч байгаа. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 100 мянган толгой мал, хилийн зурвас бүсэд 660 мянган толгой мал өвөлжих шаардлагатай, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх. Цас ихтэй байгаа нь зам даваагаар явах боломжгүй болгож байгаа, зам давааг нээхэд 100 гаруй сая төгрөг зарцуулсан. Тиймээс өвөлжилт үндсэндээ хүндэрч болзошгүй аймагт тооцогдож байна.

Дээрх мэдээллийг сонссоны дараа Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан дараах даалгаврыг аймгуудад өглөө. Нэгд, өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө дутуу бүрдүүлсэн аймгуудын удирдлагад хандаж зах зээлд борлуулах өвс тэжээлтэй байгаа Сэлэнгэ, Булган, Төв аймгуудтай гэрээ байгуулан өвс, тэжээлийн бэлэн байдлыг хангах.

Зам даваа хаагдахаас өмнө шаардлагатай газруудад өвс, тэжээлээ байршуулах, малчдаас хүнсний хэрэгцээнд нийлүүлэх мал, махыг нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэх. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол цагт хүлээн авч, хүчтэй салхи, цасан шуурга болж болзошгүй үед малчид, ард иргэдэд урьдчилан мэдээллийг сайн цацах. Отроор яваа малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэхэд анхаарах. Цас ихтэй газруудаас өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай гаргах. Зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлж шаардлагатай машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
hohi ni delhiid bgui unetei tegeed hatuu mah idej bna bid yostoi tsaraigui muu lalaruud orhi tsaash ni
2012-11-28
МОСТТОЙ МАШИН УНАНАА:
ИНГЭСНЭЭР МАЛЧИД МАХАА ХЯМДРУУЛАХ УУ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ ЗӨНД НЬ ХАЯ ТАТВАР ТӨЛӨГЧ ХОТЫНХНЫ МӨНГИЙГ ХӨДӨӨ РҮҮ ЦАЦХАА БОЛЬ ТЭД ЧИНЬ МАЛАА ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЖ АВСАН МАЛЫН ХӨЛ,БАЙГАЛЬ ОРЧИН,БЭЛЧЭЭР АШИГЛАСНЫ НЭГ Ч ТӨГРӨГ УЛСАД ТАТВАРТ ТӨЛДӨГГҮЙ МАХ СҮҮГЭЭ БОЛОХООР ТЭНГЭР ТУЛСАН ҮНЭ ХЭЛЭЭЛ ХЭВТЭЭД БАЙДАГ МЯНГАТУУД БОЛСОН
2012-11-28