Ч.Амарболд нарын ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.
Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нар нь ҮАБЗ-ийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас өгсөн “Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас 4 иргэн нас барж, 3 хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Г.Ганбаатарт холбогдох прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэрэгжүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан гэх хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэг болгож өөрчилсөн байна. Харин Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг албан тушаалаар хүлээсэн албаны эрх мэдлээ үл хэрэгжүүлэн бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд, Г.Ганбаатарыг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандаж хүнд хор уршиг буй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг тус бүр 6 жил 6 сар, О.Зоригтыг 5 жил 6 сар, Г.Ганбаатарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлжээ.Түүнчлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Амарболд, Ш.Батсүх нарт тус бүрт оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялыг тус бүрт 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Зоригтод оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосон байна.
Нийслэлийн шүүх 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дээрх хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, галт хэрэгсэл тараасан, цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь нотлогдсон, Г.Ганбаатар нь галт зэвсэгтэй холбоотой үйлдэлд оролцоогүй боловч жагсаал цуглааныг тараах явцад албан үүрэгтээ хайнга хандсан нь нотлогдсон байна гэж үзлээ. Мөн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт ял оногдуулсан хэсгийг хэвээр үлдээлээ. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогч нар нь хохирлын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болох тухай заалтыг нэмсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ