
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа.
-“Шинэчлэлийн Засгийн газар 100 хоног” нэрийн дор яамдууд ажлаа танилцуулж байна. Эрүүл мэндийн яамны хувьд энэ хугацаанд ямар ажил зохион байгуулж, юуг хийж гүйцэтгээд байна вэ?
-Эрүүл мэндийн яамны зүгээс бүтэц, зохион байгуулалтын нэлээдгүй өөрчлөлт хийгээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн газрынхаа тоог дөрөв болгон цөөрүүлсэн. Эрүүл мэндийн салбарыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлогын чанартай судалгаа хийдэг Хөгжлийн төвийг байгууллаа.
Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх суурь арга хэмжээ юу байх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр улсын хэмжээний эмнэлгийн дарга нар, Эрүүл мэндийн газрын дарга зэрэг холбогдох албаныхан цуглаж, эрүүл мэндийн салбарын хөгжил, хээл хахуулийн асуудал, ашиг сонирхлын зөрчил, эмчилгээний төлбөр, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн харилцаа, мэдээллийн технологи, эмийн чанар аюулгүй байдлын асуудал зэрэг маш олон асуудлыг хэлэлцэж байна. Эмийн чанар аюулгүй байдал гээд тодорхой асуудлуудыг хэлэлцсэн.
-Энэ хугацаанд нийгэмд чиглэсэн ямар арга хэмжээ зохион байгуулав?
-Монгол Улс даяар эмзэг бүлгийн иргэдийг эмнэлгийн үйлчилгээнд хамруулж, үзлэг оношлогоо хийх аян зохион байгуулсан. Энэ хүрээнд 10 мянган гаруй эмзэг бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийлээ. Өнөөдөр ЭХЭМҮТ дээр Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан маягаар “100 хоног, 100 минут” өдөрлөгийн зохион байгуулах гэж байна.
-Хоёрхон хоногийн дараа ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр болно. Энэ өдрийн хүрээнд ямар ажил төлөвлөөд байна.
-Энэ өдөр ДОХ-оос яаж урьдчилан сэргийлэх, энэ өвчний хор уршиг, дэлхий дээр энэ өвчний улмаас хэчнээн хүн өвчилж, хэрхэн эмчилж байна, нас баралтын байдал Монгол Улсад ямар байгаа вэ зэрэг мэдээлэл өгч, энэ халдвар хэрхэн дамждаг вэ, эмчилгээ хийж байгаа эмч нар уг өвнөөс хэрхэн сэргийлэх вэ зэрэг асуудлаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулна. Жишээ нь эмчлэгч эмч санамсаргүй тохиолдолоор халдвартай хүний зүү тариураар өөрийгөө хатгачихвал яах вэ? Энэ тохиолдолд тухай эмч сэргийлэх эм ууж чадах юм бол тодорхой хэмжээгээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой. Тйимээс эмнэлгийн захиргаандаа хандаад тэр эмийг цаг алдалгүй ууж хэрэглэх хэрэгтэй.
Ямар нэгэн байдлаар халдвар авсан байж болзошгүй гэж бодвол тэр эмээ бэлэн байлгаж яаралтай уугаарай гэж эмч нартаа хэлмээр байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ДОХ-ын халдвартай болох нь тогдоогдоод буй 120 тохиолдол бий. Эдгээр хүмүүсийн цаана ДОХ-ын халдвар тээсэн 600 гаад хүн байгаа гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр эдгээр хүмүүс маань нийгмийн болон сэтгэл зүйн хувьд их хэцүү нөхцөлд амьдардаг.
Эдгээр хүмүүсийн эмчилгээ, халдвар тархаахгүй байх тал дээр онцгой анхаарч, Эрүүл мэндийн яам, “Глобол сан” ТББ-тай хамтран томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хамгийн санаа зовоож байгаа асуудал нь ДОХ-ын халдвар тээж байгаа хүмүүсийн талаас дээш хувь нь 25-аас доош насны залуучууд байна. Гэтэл энэ залуучууд урт удаан амьдрах ёстой байтал халдвар тээгч болж байгаа нь үнэхээр харамсалтай.
Тиймээс тэдний нийгмийн болон сэтгэл зүйн асуудлыг нь шийдвэрлэх нь маш чухал. Түүнчлэн эмчилгээний асуудал гэж байна. 100 хувь улсаас эмийг нь үнэ төлбөргүй өгч байгаа. ДОХ-ын эмчилгээ нь маш өндөр зардалтай.
-Глобал сангийн төслөөр орж ирж байгаа эм нь 2013 онд дуусч байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн эмчилгээг яаж үргэлжлүүлэх вэ?
-Тэр эмчилгээг төр засгаас л төсөв санхүүг нь гаргаж, үргэлжлүүлнэ дээ.
-ДОХ-ын халдвартай иргэдийн эмчилгээнд төрөөс мөнгө гаргах асуудлыг таашаахгүй “хүний өмнөөс өвдсөн биш” гэж хэлэх хүн ч гарахыг үгүйсгэхгүй. Ер нь хэдий хэр хэмжээний мөнгө төсөвлөж, байна. Үр дүн ач холбогдол нь юу байх вэ?
-Өндөр өртөгтэй гээд өөрсдөд нь хариуцуулж үлдээж болохгүй. Жишээ нь, ДОХ-ын халдвартай хүн өдөрт дор хаяж 1-3 эм уудаг. Нэг эм нь 1-10 ам.долларын үнэтэй. Энэ утгаараа монголд өдөр бүр энэ хэмжээний үнэтэй эмийг уух чадвартай хүн хэд байх билээ.
Нөгөө талаар халдвар авсан иргэдийг хяналтандаа авснаар цаашид тархахаас урьдчилан сэргийлж байгаа гэдгийг хүн бүхэн ойлгох хэрэгтэй.
-25-аас доош насны залуус халдвар авсан байгаа гэж байна. Эдгээр залуусын дийлэнх нь бэлгийн чиг хандлага нь өөр буюу эрэгтэй хүнийг сонирхдог хүмүүс байна гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Халдвар авсан нийт хүмүүсийн дийлэнхийг буюу 60-70 хувийг нь эрэгтэй хүнээ сонирхдог гей залуус эзэлж байна. Тиймээс тэдгээр хүмүүс хамгийн эрсдэл өндөртэй гэдгээ зөвөөр ойлгож, болгоомжтой байгаарай л гэж хэлмээр байна.
-Ер нь ДОХ-ын халдварыг тээгч эх монголд хэр их байдаг вэ. Тэднээс хэд нь төрсөн бэ?
-Одоогийн байдлаар ДОХ-той найман эх төрсөн. Хүүхдүүдэд нь ямар нэгэн халдвар байхгүй, эрүүл саруул өсч байгаа. Эхээс хүүхдэд дамжаагүй гэсэн үг. Энэ нь тодорхой хэмжээний урьдчилан сэргийлэх, эм тариа уух зэргээр хамгаалж байгаатай холбоотой.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ