
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын Ажлын хэсгийн уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болж, монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, БНХАУ-ын талаас тус улсын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сун Яомин нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар ЗГХК-ын XII хуралдааны протокол бүхэлдээ амжилттай хэрэгжиж байна гэж талууд үзэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов.
Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарын хамтын ажиллагааны явцад үүсч буй асуудлуудыг шийдвэрлэх, зарим гэрээ, хэлэлцээрийг эцэслэн байгуулах чиглэлээр ажиллахаар талууд тохиролцов. Түүнчлэн Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны дэд комиссын хурлыг ойрын хугацаанд хуралдуулах, Зам, тээврийн хамтын ажиллагааны дэд комисс шинээр байгуулахаар тохиролцжээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ