
ДЭМБ-аас Монгол Улсад суух шинэ суурин төлөөлөгч Нюнт-Ю Сой өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Болдод Итгэмжлэх захидлаа өргөн барилаа.
Ноён Нюнт-Ю Сой нь Мьянмар Улсын иргэн бөгөөд манай улсад томилогдохоосоо өмнө Манила хотноо ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт бодлогын эрдэм шинжилгээний ажилтан, Эрүүл мэндийн хөгжлийн хэлтсийн захирал, улмаар Филиппин дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагтай юм.
Итгэмжлэх захидлаа барих ёслолын дараа Гадаад харилцааны сайд Л.Болд ноён Нюнт-Ю Сой-тай Монгол, ДЭМБ-ын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцов. Ноён Нюнт-Ю Сой Монгол Улсад томилогдон ирж ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийлж, цаашид Монгол улсын Засгийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг бүх түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сайд Л.Болд ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжиж буй “Шинэ болон сэргэж буй өвчний тандалт ба хариу арга хэмжээ”, “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх”, “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Тархи болон зүрхний цус харвалтын эсрэг төсөл”, “ДОХ/БЗХӨ/Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх” зэрэг амжилттай хэрэгжиж буй төслүүдийн талаар дурьдаж, ДЭМБ-ын шинэ суурин төлөөлөгчийн цаашдын ажилд өндөр амжилт хүслээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ