“Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь хурц юм шүү” гэж хэлэх дуртай яруу найрагч Ц.Цэрмаагийн ертөнцөөр аяллаа. Яруу найрагч тэр дундаа залуухан яруу найрагч бүсгүйн дотоод ертөнц, үзэл бодол соньхон санагдлаа. Тэрбээр тун удахгүй шүлгийн CD-ийгээ өлгийдөн авах гэж байгаа бөгөөд нэгэн сайхан өдөр гэнэтийн бэлгүүд дүүрэн уран бүтээлийн цомгоо худалдаанд гаргах гэнэ.
-Тун удахгүй таны шүлгийн CD худалдаанд гарах гэж байгаа гэсэн. Шинэ төрөх гэж байгаа CD-нийхээ тухай ярих нь уншигчдад илүү соньхон байх болов уу?
Тийм ээ баярлалаа. Миний анхны CD. Арав гаруй дуутай, арав гаруй шүлэгтэй. 2008 онд гаргаж байсан “Хөндүүр зүрх” болон 2010 онд гаргасайн “Зүрхний сэрэл” номнуудаасаа түүвэрлэсэн, сүүлийн үед бичсэн шинэ шүлгүүдээс бүрдсэн. Дууны хувьд олон сайхан хөгжмийн зохиолчдын авъяас билэг шингэсэн, авъяаслаг дуучдын хөдөлмөр сэтгэл зүтгэлээр амилсан сайхан дуунууд байгаа. Зураг дүрслэл өнгө дизайн гээд бүх л талаар нь анхаарч байна. Уран бүтээлч хүн өөрийнхөө энэ их өмчөө зүгээр нэг үхмэл хөрөнгө болгомооргүй байна шүү дээ. Нэг сайхан өдөр товлосон байгаа. Гэнэтийн бэлгүүд дүүрэн худалдаанд гаргах болно. Шүлэг бүр өөр өөрийн гэсэн аязтай дуу шиг. Хэн нэгний өөртөө таалагдсан хөгжмөөс таслаад таслаад өрчихөөгүй гэсэн үг л дээ. Эх орон элгэн садан хамаг бүхнийг магтан дуулж, хайраар амилсан уран бүтээлүүд гэж ойлгож байна. Хайраар л бүхнийг хийж болно. Зөвхөн эр эмийн хоорондох хайр биш шүү энэ бол. Эх болсон зургаан зүйлийн хамаг амитнийг хайрлах хайр. Энэ сав шим ертөнцийн бүх зүйлийг би хайраас төрдөг гэж боддог. Тиймээс CD- гээ “ХАЙРТАЙ” гэж нэрлэсэн юм. Жишээ нь Бид ажилдаа хайртай байж л амжилт гаргадаг шүү дээ. Болж л өгвөл шүүрч авч өмсөөд байдаг цамцандаа хайртай биз дээ. Тэр цамцаа өмссөн өдрөө сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй байдаг биз дээ. Та ч, би ч хайраас л төрсөн. Хүрээлэн байгаа орчин, эргэн тойронд байгаа бүх зүйлээ хайрла! Би бол өөртөө хамгийн их хайртай. Өглөө бүр наран мандахыг харах дуртай. Сайн байна уу, Алтан шаргал туяагаа хайр болгон цацруулсан энэ ертөнцийн гоо үзэсгэлэнт Нархан минь би чамд хайртай, ...Цэрмаа би чамд хайртай гээд л эхлэнэ шүү дээ.
- Яруу найргийн амь чухам юунд оршдог гэж та боддог вэ?
Үнэн худлын заагт. Шүлэг өөрөө хүний сэтгэлийн баяр жаргал, зовлон гуниг дээр тоглолт хийж байдаг том хүч. Тухайн шүлэг бүр өөрийн амьтай. Үүнийг хэн шүүн тунгаах юм бэ? Уншигчид. Бүгд өөр өөрийнхөө дотоод мэдрэмжээр л хүлээж авна.
-Өмнөх үеийнхнээсээ хэнийг уншиж, өөрийгөө хөглөж байсан юм бол?
Бүгдийг л уншиж омогшиж, баярлаж бахархаж өслөө шүү дээ. Арван жилд байхдаа маш их ном уншдаг жаахан сэнтэг хүүхэд байсан юм байна лээ. Номын сайн нөхөр болж шагнуулж тэрэндээ хөөрөөд л. Буурай өвөөгөөрөө орой бүр үлгэр яриулдаг байсан маань ном унших сэдэл болсон хэрэг. Миний бага нас хөдөө өнгөрсөн. Сумын төвд. Сумынхан чинь бие биенийгээ бүгдийг нь танина. Буриад Сэрээжав гэж багш байсан юм. Их шудрага шууд л нүүрэн дээр нь хэлчихнэ. Тиймээс тэр хүний үг надад их хүчтэй туссан хэрэг л дээ. Нэг өдөр н.Шажинбатын “Элс цас”-ыг барьчихсан алхаж явтал таараад “Үгүй ээ мөн. Энэ сургуульд чам шиг овоо ном уншдаг хүүхэд алга аа” гэж хэлэхэд нь том шагнал авсан юм шиг л санагдаж билээ. Тэр үг надад их хүч өгсөн. Тэр л үеэс шүлгэнд дуртай хайртай болсон. “Сүмтэй будрын чулуу”-аас л эхэлсэн дээ. Ш.Лхамноржаа эгчийн шүлэгнүүдэд дуртай. Үгсийг урнаар чуулуулж яруу тунгалагыг цогцлоож чаддаг гэж боддог. Хүнийхээ хувьд ч их гоё хүн. Араншин нь таалагддаг. Тийм өөртөө үнэнч хүн олон байгаасай.
- Хэлбэр аль эсвэл сэтгэлгээний хувьд бүтээл туурвихын аль нь хэцүү вэ? Эсвэл эднийг зааглан ялгах нь буруу юу?
Өөрийнхөө сэтгэлээс гарах тэр чимээг сонсож байна гэдэг маань том аз завшаан биш гэж үү? Би л хувьдаа тийм гэж хамгийн чангаар хэлээд түүндээ бат итгэлтэй зогсож чадна. Хэлбэр ч ялгаагүй тэр сэтгэлээс л гарч байгаа зүйл. Ялгаж салгахыг тийм ч зөв гэж бодохгүй байна. Энэ чинь нэг л сэтгэлээс гарч байгаа. Эцсийн дүндээ хэн нэгэнд зориулсан эзэнтэй шүлэг, зөнгөөрөө санаанд төрсөн шүлэг ялгаа нь юу байна аа.
-Яруу найрагч хүн сэтгэлийн хөдлөл ихтэй байдаг юм шиг санагддаг. Та хэзээ хамгийн их сэтгэлийн хөдлөлөө гаргадаг вэ?
Өө ихтэй. Тэр сэтгэлийнхээ хүчээр л амьдардаг хүн шүү дээ. Жижигхэн зүйлд ч баярлаад л, гомдоод л явж өгнө шүү дээ. Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ баярлаж байгааг харах дуртай. Тэр чин сэтгэлийн инээмсэглэлийг би харах дэндүү дуртай. Тэр үед л миний сэтгэл гэдэг эрхтэн хөдөлгөөнөө харуулна даа. /инээв / Би чинь баярлаж байгаа хүнтэй адилхан баярлаж чаддаг хүн байхгүй юу. Зөвшөөрөл авахгүй шүү дээ. Эргэн тойрны хэнээс ч сайхан үг харамладаггүй. Үнэн сэтгэлээсээ магтах дуртай. Ер нь хүний сайхан чанарыг сайн талыг л хардаг. Угаасаа надад муу муухай зүйл харагддаггүй. Миний нүд олж хардаггүй юм. Баяр хөөртэй цаг мөч бүрт би нас нэмдэг. Би өөртөө өдөр бүр аз жаргал бэлэглэдэг. Найзыгаа, аав ээж ахан дүүс, эдэлж хэрэглэж байгаа эд хөрөнгөө бүгдийг нь хайрладаг. Буцаад надад тийм хэмжээний баяр баясгалан ирдэг байхгүй юу. Би ойр дотны хүмүүсээ баярлуулж тэрнээсээ таашаал авдаг. Сонин байна уу? Ямарч зүйл дээр гэнэтийн бэлэг барих нь надад ч тэр хүндээ ч сонирхолтой санагддаг. Бас амттай байдаг юм. За тэгээд хүн муулдаг хов ярьдаг тэр дундаа худлаа ярьдаг хүнтэй таарвал нөгөө өөр сэтгэл хөдлөл гарна шүү. Ийм төрлийн хүнтэй тас гэж нэг хэлж өгөөд, ойлгохгүй бол хол байхыг л боддог. Бид нар чинь залуу хүмүүс өнөөдрөөс олон маргааш хүлээж байна. Гоё байх хэрэгтэй. Хүнд итгэж чаддаг хүний итгэлийг дааж чаддаг байх нь чухал. Хэн нэгэн чамд итгэж байна гэдэг чи хүнд хэрэгтэй байна аа гэсэн үг.
-Анх хүнд дурлаж байсан үеэ дурсаач? Ялангуяа яруу найрагч хүн тэрхүү мэдрэмжийг илүү содон тусгаж авдаг болов уу?
Хөгтэй. Их сургуулийн нэгдүгээр курст ороод 3-р курсийнхээ ахад дурлаад. Харамсалтай нь нөгөө залуу нь намайг дурласан гэж мэдэхгүй. Завсарлагаанаар сургуулийн цайны газар ихэвчлэн таарна. Хааяа л номын санд. Хараад л 2 чих эхэлж улайгаад л дуусаа. Барьж явсан аарцаа асгана, хүний хөл дээр гишгэнэ, мөргөлдөнө. Уншиж байсан хичээлээ мартана. Орой гэртээ ирээд л шүлэг бичнэ дээ. Өдрийн тэмдэглэлдээ яг өөртэй нь ярьж байгаа юм шиг бичээд хадгална. Би тэнд тэгж бөөн юм болж байхад нөгөө хайр дурлалын эзэн маань шүлэг бичдэг өндөр охин гээд л болоо. Оюутны холбоонд хамт байсан болхоор С1-н шүлэг бичдэг өндөр охин л гэнэ, нэр ч байхгүй. Над руу эгцэлж харах юм бол сандраад бүтэлгүйтэх нь тодорхой. Гэхдээ тэрэнд л зориулж гоё хувцаслана, хичээлээ сайн хийнэ бас л сонин шүү. Ингэсээр байгаад урт удаан дурлалын эзэн маань мэдээгүй чигээрээ үлдсэн юм даа.
-Таны хувьд Монгол бахархлын талаар их ярьдаг. Энэ таны үзэл бодолтой холбоотой юу?
Шууд холбоотой. Монгол эх оронд хүмүүн биеийг олж төрснөөрөө бахархдаг. Удам угсаагаараа бахархдаг. Ямар азаар би тайван амгалан, уудам саруул, үзээд ханашгүй туулаад барамгүй үзэсгэлэнт байгаль, судлаад барашгүй нарийн дэг жаяг, соёл өв уламжлалтай, тийм агуу түүх соёлтой, ёс заншилтай баян Монгол оронд төрсөн юм бэ. Дайн дажингүй, өлсгөлөнгүй, нөгөө айхтар хар салхи, цунами байхгүй. Тийм биз дээ. Дэлхийн талыг эзэлж явсан дээлтэй Монгол гэдэг энэ шүү дээ. Хамгийн энгийн жишээ гэхэд үр хүүхдээ хүмүүжүүлдэг тэр арга барил ямар нарийн торгон ухаан байсан юм бэ. Би эмээгийнхээ аав ээж, дээрээ өссөн. Миний өвөө Баруун хүрээ хийдэд шавилсан анхны шавь нарын нэг. Номтой мундаг лам байсан. Ямарч ургамлыг хараад үнэрлээд мэддэг оточ маарамба байлаа. Тухайн үед өлөн шүлсээрээ нүд , хөмсгөө арч тэгэхгүй бол өт цацна, толгойгоо ганга буцалгаж шавш тэгэхгүй л бол наршина, өглөө эрт шүүдэр хатхаас өмнө хөл нүцгэн алх тэгэхгүй л бол шивэртэй болно гэх зэргээр сүнсийг минь зайлуулдаг байлаа. Тэр нь эцэстээ бяцхан охиныхоо гоо сайхан, эрүүл мэндийг бүрдүүлж байсан хэрэг. Тэгээд л бүүвэйн дуу үлгэр, туульс, оньсон тоглоом гээд энэ бүхнээрээ төсөөлөн бодох, хайрлах энэрэх өрөвдөх амьдарлын ухааныг зааж хүмүүжүүлдэг байсан байгаа юм. Зүгээр л тэр зүйр үгнүүд нь тэр чигээрээ гайхамшиг байгаа биз дээ.
-Монгол хүн монголоороо үлдэхийн гайхамшиг юунд оршдог гэж та боддог вэ?
Хэзээч үл тасрах, таслаж үл болох тэр яс, цусанд нь байгаа. Би заримдаа санасан хэрэг бүтэхгүй жаахан саатсан үед Цэрмаа би бол тайжийн удам гэж өөрийгөө зоригжуулдаг. Монгол гээд л цээж дэлдээд орилоод байх биш Монголоо иргэн бүр өмгөөлдөг хамгаалдаг байх хэрэгтэй. Иргэн хүн өөрөө үнэ цэнтэй, айл бүр хүн бүр жудагтай, үе уламжилсан тэр ёс заншлаа сэргээдэг дагадаг байх ёстой гэж боддог. Бусдыгаа больё гэхэд Монгол хүн бүр нэг дээлтэй байх хэрэгтэй. Болж өгвөл харийн хүнтэй гэрлэхгүй баймаар байна. Манай хийморьлог Монгол залуучууд таны бахархал биш гэж үү. Бүгд мундаг чадалтай, ухаантай, сийрэг толгойтой. Эрчүүдийгээ хүндлэх хэрэгтэй. Тэдэнд итгэх хэрэгтэй тэдэнд чадахгүй юм байхгүй. 5 солонгосын ажлыг нэг Монгол залуу нэг суниахдаа л хийж орхино. Бүтэн заяатай Монгол бүсгүйчүүд ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй байна зүгээр л цонхоороо хар. Эрүүл биетэй саруул ухаантай уран үйлтэй Монгол сайхан бүсгүйчүүд таны бахархал биш гэж үү. Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь хурц юм шүү.
Залуучууд бид өвлөгдөж ирсэн энэ бүх бахархлыг ирээдүй хойчдоо энэ л хэвээр нь өвлүүлж өгөх үүрэгтэй.
-Одооны хүүхдүүд ёс заншил, өв уламжлалын талаар мэдлэг муутай өсөөд байх шиг санагддаг. Хүүхдүүддээ уламжлалаа өвлүүлж үлдээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Аав ээж нь хариуцлагагүй байна. Завгүй гэдэг хамгаалалттай. Бүх зүйлд шалтгаан байдаг даа. Үр хүүхдээ хүүхэд асрагчид даатгаж өгөөд явах биш бүүвэйн дуугаар аргадаж элгэндээ нааж, энгэртээ тэвэрч, үнсэж эрхлүүлж халуун хайраар өлгийдөж өсгөх хэрэгтэй гэж боддог юм. Хүүхэд тоглоом, дуу, шүлэг, хөгжим, үлгэр туульс, ээжийн бүүвэйн дуу, аавын халуун хайраар хүмүүждэг. Залуу аав ээжүүд ахмад үеэсээ зөвлөгөө авч, удам судар тэр бүх ёс заншил түүх өв уламжлалыг хүүхдээ нялх багад нь сонсгож ярьж зааж өгөх хэрэгтэй. Хүн бүрийг хөөмийлөөд л, уртын дуу дуулаад, хөдөө гарч морь унаж адуу мана гэж байгаа юм биш шүү. Зүгээр л мэдлэгт нь нэмэрлэж байх хэрэгтэй гэж боддог.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ