Спорт сонирхогчид энэхүү нисэх загварын спортоор хичээллэгсдийг агаар эзэмшигч гэдэг юм билээ. Чухам яагаад ингэж нэрлэгдэх болсон нь бас л сонин түүхтэй. Спортын бусад төрлүүдээс илүү их тэвчээр, тэсвэр, хатуужил, холч ухаан шаарддагаараа энэ спорт онцлогтой. Ер нь эвийг нь тааруулах буюу туйлын зөв ганц хэмжээс, зөв агаарыг утсаар дамжуулан олох торгон мэдрэмжийг зөвхөн энэ спорт л харуулдаг. Нисэх загварын спортод гаргах амжилт нь тамирчдын ур ухаанаас гадна өөрийн гараар бүтээсэн 410 грамм жинтэй онгоцноос шалтгаалдаг юм байна. Нисэх загварын спортын мастер Г.Билгүүнтэй уншигчдаа танилцуулья. Тэрээр тун удахгүй Францын Парис хотноо 2013 оны 9-р сард болох “Нисэх загварын спорт”-ын Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарах юм.
-Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Намайг Г.Билгүүн гэдэг. 1988 онд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага байхдаа дунд сургуулиа төгсөөд Эрхүү хот руу Нисэхийн сургуульд сурах гээд шалгалт өгсөн боловч цусны шинжилгээ муу гарснаар явж чадаагүй юм. Уг нь багадаа нисгэгч болно гэж мөрөөддөг байсан юм. Шинжилгээ муу гарснаас болоод нисгэгч болно гэсэн мөрөөдлөө орхисон. Харин одоо Чингис хаан ОУНБ дахь Бунт-Ухаа боомтын 0218-р ангийн хилчин шалгагч гэсэн албыг хашиж байгаа. Нисэх загварын спортоор багаасаа сонирхож хичээллэсэн. Нэг хэсэг миний амьдрал болчихсон байлаа шүү дээ. Одоо гэр бүлтэй болсон учраас ажил хийх шаардлагатай болж чөлөөт цагаараа энэ спортоороо хичээллэж байгаа.
-Нисэх загварын спортын талаар товч танилцуулаач. Монголд хэр хөгжсөн спорт вэ?
Онгоц, нисдэг төхөөрөмжүүдийг дуурайлгасан нисэх спортын нэг төрөл юм. 1754 онд М.В.Ломоносов цаг уурын багаж хөөргөх загвар бүтээсэн нь нисдэг биетийн эхлэл гэж үздэг. Бяцхан нисэх хүчин гэж нэрлэгддэг энэ спорт нь дотроо “F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу жолоодлоготой, F3 нь радио удирдлагат гэсэн гурван үнд¬сэн төрөлтэй. F1 гэдэг нь нисэх загвар (онгоц)-ыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг нь ямар нэг зүйлээр удирдахгүйгээрээ бусад төрлөөсөө ялгаатай. Харин чөлөөт нислэгийн загварыг тодорхой өндөрт хөөргөх аргаар нь планерын, резин хөдөлгүүрт, моторт хөдөлгүүрт гэсэн төрлүүдэд ангилдаг. Моторт хөдөлгүүрийн мотор нь агаарт гараад таван секунд болоод унтрах ёстой. Тамирчин онгоцоо агаарт заасан хугацаанд хэр удаан байлгаснаар нь тэмцээнийг дүгнэдэг. Тэмцээн нийт долоон удаагийн нислэгийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэх болдог. Тэмцээнд оролцогчид онгоцоо өөрсдөө зохион бүтээдэг. Энэ утгаараа хүний сэтгэхүйг маш их хөгжүүлдэг. Мөн өдөржин бэлтгэл хийнэ. Онгоцоо нисгэчихээд араас нь гүйж авдаг учраас бие бялдар маш их хөгжүүлдэг спорт доо.
-Багаасаа хичээллэж эхэлсэн гэхээр тухайн үед дугуйланд явдаг байсан уу? Ер нь яагаад энэ спортоор хичээллэх болсон юм бэ?
Хүүхэд байх үедээ анх цаасаар онгоц хийж тоглодог байсан. Сонирхолдоо хөтлөгдөн тэр үед “Залуу техникчдийн ордон”-ы дугуйланд явснаар энэ спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Энэ ордонд маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Харин одоо хаагдаад нэлээн удаж байгаа юм байна лээ. Мөнгөтэй хүмүүс худалдаад авчихсан, барилга барих гэж байгаа гэсэн. Уг нь хуучнаар нь аваад үлдвэл хичнээн сайхан билээ дээ. Тэр ордноос төрөн гарсан мундаг инженерүүд олон байдаг. Тэгэхээр маш том зүйлийг үгүй болгох гэж байгаад их л харамсаж явдаг.
-Монгол хүүхдүүдэд техникийн талын сонирхол их байдаг. Тухайн үед хичнээн залуус “Залуу техникчдийн ордон”-д хичээллэдэг байсан юм бол оо?
Тэр үед Улаанбаатарын хэмжээнд 300 гаруй хүүхдүүд байдаг байсан. Хөдөө орон нутгаас ч ирж манай дугуйланд явдаг байлаа. Энэ спортоор хичээллэхэд нас харгалздаггүйгээрээ онцлогтой. Зургаан настай хүүхэд л гэхэд цаасан загвар хийгээд хөөргөнө шүү дээ. Тэд цаас харандаа шугам л хэрэглэнэ. Арай том болоод резин, хайч, цавуу, хөнгөн бальза мод хэрэглээд нисэх загвар хийж хөөргөнө. 13-14 настайгаасаа нисэх загварын үндсэн төрлүүдээр хичээллэх боломжтой. Тухайн үед хүүхдүүдийн техник сэтгэлгээ өндөр түвшинд хөгжиж, үүний гол үндэс суурь нь энэ ордон байсан юм.
-Нисэх загварын спортын “Дэлхийн цомын аврага” шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоон сард Монголд болсон. Энэ тэмцээний талаар сонирхуулаач?
Азийн аврага шалгаруулах тэнцээн энэ үеэр давхар болсон. Олон орны тамирчид ирсэн. Австрали улсаас хүртэл тамирчид дэлхийн аврага шалгаруулах тэнцээний эрхээ авахын тулд ирж оролцсон. Миний хувьд энэ тэмцээнд 3-р байранд орж дэлхийн аврагын тэмцээнд оролцох эрхээ авч одоо ажлаасаа чөлөө авчихсан бэлтгэлдээ ороод завгүй л явж байна даа. Бэлтгэл ажил хангахад хугацаа их шаарддаг учраас цаг маш давчуу байгаа.
-Манай улсаас нийт хичнээн тамирчин оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм бэ? Ер нь Нисэх загварын спортыг манайхан хэр сонирхож хичээллэдэг юм бол оо.
Улаанбаатар хотын хэмжээнд 800-аад залуус хичээллэдэг гэсэн тоо байдаг юм байна лээ. Гэхдээ энэ зөвхөн эрчүүдийн спорт гэж нэрлэдэг. Манай улс Ази тивдээ эхний нэг хоёрдугаар байрт эрэмбэлэгддэг. 2013 оны 9-р сард “Дэлхийн аврага”-ын тэмцээн Францын Парис хотноо болно. Манай улсаас нийт 68 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Одоо өвөл болчихсон болохоор онгоцоо нисгэх боломжгүй болоод бэлтгэл хойшлогдоод байна.
-Онгоц зохион бүтээхэд эд ангиудыг нь мэдээж гадаадын улс орнуудаас худалдаж авдаг байх. Энэ тал дээр хэр их хүндрэл гардаг вэ?
Одоо бүх зүйл л хөгжөөд сайхан байна. Сүүлийн үед интернэтээр захиалдаг болоод байгаа. Хэрэгтэй зүйлүүдээ захиалаад авчихаж байгаа. Гэхдээ эд ангиуд олдоход жаахан төвөгтэй байдаг. Бүх эд ангиа нэг орноос авна гэсэн ойлголт байхгүй. Онгоцныхоо моторыг Украйнаас, онгоцоо хийдэг материалыг Канадаас, карбонон гадаргуугаа Словакаас захиалж авдаг.
-Үнэ өртгийн хувьд ямар байдаг вэ?
Нэг онгоц бүтээхэд дунджаар 2700-3800 евро болдог. Өөрөө өөртөө зориулж хийж байгаа учраас бат бөх, чанартай байдлыг нь хангахын тулд сайн гэсэн бүхий л материалуудаар хийдэг. Бас захиалаад үйлдвэрийн бүтэн онгоц авч болно. Өөрийн биеэ амарчлаад худалдаж авдаг тамирчид зөндөө байдаг лдаа. Үнэ хөлсний хувьд ч ойролцоо байдаг. Гэхдээ миний хувьд сэтгэлд нэг л хүрдэггүй юм аа.
- Нэг тэмцээнд хэдэн төрлийн онгоцоор оролцдог юм бэ?
Өөрийн хийсэн бүтээлдээ 100 хувийн итгэлтэй байгаа бол нэг ч онгоцтой оролцсон болно. Гэхдээ дэлхийн нэртэй тамирчдыг ажиглаад байхад 4-5 онгоцтой оролцдог юм байна лээ. Миний хувьд 6 онгоцтой оролцдог.
-Тэмцээний үеэр онгоц чинь гэнэт ажиллахаа болих тохиолдол гарч байсан уу? Хамгийн харамсаж байсан тохиолдлоосоо дурсвал.
Тэр асуудал бол бараг байнгын үзэгдэл. Өмнө нь зүгээр байсан онгоц гэнэт гацна, ажиллахаа болино гээд асуудлууд гарч ирдэг. Онгоцоо нисэгчихдэг гэнэт гацаад газарлуу харавсан сум шиг л унана, тэгээд л хэдэн хэсэг болоод газарт унахад олон жилийн хөдөлмөр байхгүй болдог. 2004 онд “Дундад Азийн аварга” шалгаруулах тэмцээний үеэр өөрийн 5 жил хийсэн онгоцоо үзүүлэх тоглолтын үеэр өөрийн санамсаргүй байдлаас болоод эвдэлчихсэн. Түүндээ одоо болтол эмзэглэж, сэгийг нь хүртэл хаяж чадахгүй гэртээ хадгалчихсан.
- Тэмцээний үеэр дахин оролдлого хийх боломж олгодог уу?
Тэмцээн дээр тухайн тамирчинд нэг удаа дахин оролдлого хийх боломж өгдөг.
-Олимпийн наадам биш л бол зардал мөнгөний тал дээр ямарч тамирчинд асуудал тулгардаг. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Одоогийн байдлаар улсаас дэмжлэг байдаггүй. Бүх зардлаа өөрсдөө гаргаад л тэмцээнд оролцдог. Өөрөө чин хүсэл сонирхлоороо явж байгаа болохоор яаж ийж байгаад л явдаг.
-Жижиг онгоц хийж чадаж байгаа юм чинь том онгоц хийх юмсан гэж боддог уу?
Хийчихсэн шүү дээ. 2001 онд “Залуу техникчдын ордон”-д сурдаг байхдаа найзуудтайгаа нийлээд нэг хүн суудаг онгоц хийсэн. Аливаа юм томрох тусам амархан босдог болохоор хурдан хугацаанд боссон. Улаанбаатар хотыг гурван удаа тойрч байсан. Бид тэр онгоцоо ордондоо үлдээсэн. Саяхан очиж үзсэн чинь зүгээр төмөр нь л үлдсэн байна лээ. Үнэхээр их харамссан.
-Таны бодлоор манай залуусын техник сэтгэлгээ ямар түвшинд байдаг гэж боддог вэ?
Маш сайн шүү дээ. Гадаадаас асар үнэтэй худалдаж аваад байгаа мотор, 4 хүний суудалтай онгоц хүртэл зохион бүтээсэн шүү дээ. Бидэнд юу дутагдаж байна вэ гэхээр техник тоног төхөөрөмж, ажлын байр, мөн залуусаа сургах ордон хэрэгтэй байгаа юм. Энэ бүгдийг шийдээд өгчих юм бол манайхан чадна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ