
Өнгөрсөн ням гаригт Бангладешийн нийслэл Дака хотын Ашулиа оёдлын үйлдвэрт түймэр гарч, 120 орчим хүн амь насаа алдан, 200-гаад хүн түлэгдэж шархдан, арван давхар байшин бүхлээрээ шатаж их хэмжээний хохирол учирсан. Харин чухам юунаас үүдэн гал гарсан, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхойгүй байгаа.
Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж ийм олон хүн нэгэн зэрэг амь насаа алдахгүй байж болох байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин оёдлын үйлдвэрийн менежерүүд гарах гол гарцуудыг түгжиж орхисон нь 120 орчим хүний аминд хүрсэн аж. Тиймээс оёдлын үйлдвэрийн гурван менежерийг баривчилсан байна. Тэдгээр менежерүүд үйлдвэрийн дунд шатны зохион байгуулагчид байсан бөгөөд эхний шатны байцалтандаа мэдүүлэг өгч эхэлжээ. Тэд “Гал гарна гэж хэн санах билээ, орой болчихсон байсан учир хулгай гарахаас болгоомжлон хаалгуудыг түгжсэн байсан. Энэ бүхэнд маш их харамсаж байна” гэж хэлжээ. Мөн тэднээс гадна гал тавьсан байж болзошгүй хоёр хүнийг баривчлаад байгаа. Тэд хотоос гарч зугтахыг завджээ. Одоогоор холбогдогч өөр этгээдүүдийг хараахан олж амжаагүй байна.
Цагдаагийнхан болон бусад хохирогчид, тэдний гэр бүлийнхэн энэхүү хэргийг зохион байгуулалттайгаар галдан шатаасан хэмээн үзжээ.
Цаашдаа мөрдөн байцаалт болон хэргийн газрын үзлэгийг нарийвчлан явуулж, бодит шалтгааныг тодруулах болно хэмээн мэдэгдлээ.
Харин галаас амь гарч чадсан хохирогчид “Гал нэлээд ширүүссэн байсан учир гарцаар гарах нь нэгэнт боломжгүй зүйл болсон. Тиймээс бид цонхыг хагалж өндрөөс үсэрцгээсэн. Харамсалтай нь үсэрсэн хүмүүсийн зарим нь амьд үлдэж чадаагүй” гэв.
Бангладеш улсын ерөнхий сайд Сейх Хасина амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна.
Бангладешт оёдлын үйлдвэр шатсан анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь ч хэд хэдэн удаа оёдлын үйлдвэрүүдэд түймэр гарч байсан. Энэ удаагийн түймрийг тавьсан этгээдүүд өмнөх түймрийн эзэдтэй ч холбоотой байж болзошгүй хэмээн цагдаа нар шалгаж байна.
Оёдлын томоохон үйлдвэр шатсан энэхүү хэргээс үүдэн бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтэд асуудал үүсч эхэлсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ