НҮБ Сирийн дүрвэгсдэд туслах санаачлага гаргав

img

Сири улсад улс төрийн тогтворгүй нөхцөл үүсээд 21 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд 40 мянга гаруй хүн амь насаа алдсан эмгэнэлт байдал үүсээд байгаа юм. Хэдийгээр ард түмнийг туйлдуулж, элгээр нь мөлхүүлэхэд хүрээд байгаа ч хоёр талын сөрөг хүчнийхэн бие биедээ бууж өгөлгүй цуст  мөргөлдөөн үргэлжилсээр байгаа. Үүний зэрэгцээ анхаарвал зохих асуудлуудын нэгд Сирийн дүрвэгчдийн нөхцөл байдал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Валери Амос хөрш орнууд руу олон мянгаар дүрвэж байгаа Сирийн дүрвэгсдэд туслалцаа үзүүлэхийг уриалсан байна. Амос Сирид хүний амьд явах, аюулгүй орчинд амьдарч жам ёсны эрхээ эдлэх хэд хэдэн суурь зарчмууд хэрэгжих нөхцөл, боломж бүрдэхгүй байгаад харамсаж, сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Валери Амос түрүүчийн долоо хоногт Сирийн дүрвэгсэд олноор очиж байгаа Ливан, Йордан улсуудад гурван өдрийн айлчлал хийгээд ирсэн аж. Үүнээс үндэслэн энэхүү уриалгыг гаргах болжээ. Түүний мэдээлснээр Иорданд 240 мянган дүрвэгсэд очсон бол Ливанд гэхэд 130 мянган дүрвэгсэд байгаа гэнэ. Үүний зэрэгцээ өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотын зүүн өмнөд хэсгийн дүүрэгт дараалсан бөмбөг дэлбэрч, 29 хүн нас барж, олон тооны хүн гэмтэж бэртсэн хэрэг гарлаа. Сирийн “Сана” мэдээллийн агентлагийн мэдээлснээр эдгээр дэлбэрэлтүүдийг алан хядагчид үйлдсэн бөгөөд тэд хоёр автомашинд бөмбөг тавьж  дэлбэлжээ. Дамаск хотын Жарамана дүүрэгт болсон дараалсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас тэсрэх бөмбөг бүхий автомашины ойролцоох айл өрх, дэлгүүрийн барилгууд эвдэрсэн байна. Энэхүү Жарамана дүүрэгт голдуу христийн шашинтнууд оршин суудаг байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ