
НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА) өнөөдөр (пүрэв гараг) хуралдаж, Палестинд дэлхийн энэ байгууллагын ажиглагч-улсын статус олгох тухай асуудлаар санал хураана. Одоо Палестиныг НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд
“бие даасан биш улс” гэсэн маягаар тэмдэглэдэг юм. Палестинчууд өөрсдөө ч санал хураалт амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд Палестин Олон улсын шүүхэд хандан, өөрийнх нь мэдлийн нутаг дэвсгэр болох Иордан голын баруун эрэг, Иерусалимын зүүн хэсэг, Газын зурвасыг чөлөөлөхийг энэ шүүхээр дамжуулан шаардаж болох юм. Үүнээс гадна, цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэхэмжлэлийг гаргаж болохыг шинжээчид сануулж байна.
Өнөөдөр Ерөнхий Ассамблейд арваннэгдүгээр сарын 29-нд тэмдэглэдэг палестины ард түмэнтэй эв санаа нэгтгэх олон улсын өдөрт зороиулсан хоёр хуралдаан хийхээр төлөвлөжээ. “Палестины ард түмний төлөөлөгчийн хувиар Палестины чөлөөлөх байгууллагын гүйцэтгэж буй үүрэг, эрхийг хязгаарлахгүйгээр НҮБ-ын ажиглагч улсын статусыг Палестинд олгохоор” тогтоосон тогтоолын төслийг хоёр дахь хуралдаанд оруулах төлөвтэй байна. Баримт бичгийн төсөлд палестин-израилийн хэлэлцээг нэн даруй сэргээхийн чухлыг бас заагаад, “1967 оноос өмнө байсан хил хязгаарын хүрээнд Израильтай энх тайван, аюулгүй байдалд хаяаа дэрлэн аж төрж байгаа тусгаар тогтносон бүрэн эрхт, ардчилсан, бүрэн бүтэн улс” байгуулах нь уг хэлэлцээний үр дүн болох ёстой гэж тэмдэглэжээ.
60 оронтой хамтран Палестины төлөөлөгчдийн боловсруулсан тогтоолын төслийг батлахад ЕА-н 193 гишүүн орны олонхийн дэмжлэг шаардлагатай юм. Өнөөдөр НҮБ-ын 132 орон Палестиныг улс гэж хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Харин Израиль, Канад, АНУ зэрэг 10 гаруй орон Палестины мэдүүлгийг эсэргүүцэж байгаа юм. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, Европын Холбооны 27 гишүүнээс 15-аас цөөнгүй нь Палестинд НҮБ-ын ажиглагч-улсын статус олгохын төлөө санал өгөх бодолтой байгаа ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ