
Бирмийн Монива хотын ойролцоох зэсийн уурхайн ажилчдын гаргасан бослого үймээнийг орон нутгийн цагдаа нар даржээ. Бослого нэлээд өргөжиж олон хүнийг хамарч эхэлсэн тул цагдаа нар даралттай усан буугаар босогчид руу шүршиж тэднийг тараасан байна. Бослого харьцангуй тайван замаар үргэлжилж байсан ч цагдаа нарын ирсэн цагаас хойш байдал илүү хурцдах шинжтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.
Бослого эхэлсэн цагаас цагдаа нартай тэмцэлдэж цөөнгүй хүн гэмтэж бэртсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн уурхайчдын байрлаж буй кемпд гал гарч хүмүүс түлэгджээ. Бослогод зөвхөн уурхайчдаас гадна нутгийн зарим оршин суугчид, фермер эрхлэгчид ч оролцсон аж.
Бослого хөдөлгөөн гарах болсон шалтгаан нь уурхайн ажилчдыг тухайн газраас нь хөөж, олноор нь цомхтгон уурхайг зөвшөөрөлгүйгээр өргөжүүлэх гэж байсантай холбоотой юм байна. Энэ уурхай нь Бирмийн хамгийн томд тооцогдох уурхай ажээ.
Сөрөг хүчний удирдагч Аунг Сан Сү Ки өнгөрсөн пүрэв гаригт уурхайн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд уурхайчид болоод, нутгийн иргэдийн эрхийг хамгаалах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Бирм улсын хувьд цэргийн дэглэмийг унагаж, чөлөөт ардчилсан нийгэмд шилжихээр улс төрийн эрс шинэчлэл хийсэн орон. Гэтэл үүсээд буй нөхцөл байдлаас харахад хууль сахиулагчид ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүйгээр үл баран, тэднийг газар нутгаа чөлөөлж өгөхийг тулган шаардаж байгаа аж.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар хоёр жилийн өмнөөс иргэдийн газрыг чөлөөлүүлж оронд нь ферм, барилга орон сууц барьж өгөхөөр амалсан ч энэ бүхэн нь талаар болж, аль аль ч үгүй хоцорсон байна.
Уг нь Бирмийн зэсийн уурхай зөв голдрилоор ажиллаж, чадвал эдийн засаг нь асар хурдан хугацаанд өсөх боломжтой орон юм. Энэ оны байдлааар тус улсын эдийн засаг 5.5 хувиар өссөн бол ирэх жил зургаан хувь болон өсөх хандлагатай байгаа. Гэвч ард иргэдийнхээ ахуй амьдрал болоод, тэдний эрхийг дээдлэх ёстой ардчилсан орон болж байгаагаа бирмчүүд мартаж болохгүй.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ