Визгүй зорчдог чимээгүй тахал хаалгыг минь тогшиж байна
Энэ жил дэлхий дахин ДОХ-той тэмцэх өдрийг “Хамтдаа тэмцье: Таны сонголт-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна. Монголд ДОХ хүмүүсийн сэтгэлд нэг их сэрүү татуулахгүй асуудал юм шиг байсан ч цагийн аясаар гар хумхин суухыг хүлээхгүй болжээ. 1992 онд ХДХВ / ДОХ-ын анхны тохиолдол манай улсад хаалга тогшилгүй орж ирсэн. Өнөөдөр энэ тоо 100-д хоёр дутаж, 98-д хүрчээ. Бид хэдүүлээ билээ. Гурван сая хүрэхгүй бидэнд ахадсан тоо. UNAIDS-ийн статистикаас үзвэл манай өмнөд хөрш БНХАУ-д ХДХВ тээгч хүн зургаан жилийн өмнө 840 мянга байсан бол хойд хөрш ОХУ-д саяар тоологдож байсан. Эдгээр халдвар тээгчдийн ихэнх нь манайтай шууд хил залгаа БНХАУ-ын Шиньжан, ОХУ-ын Эрхүү ба Буриадад харьяалагддаг ажээ. “Би вагонд явахдаа биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд орсон юм” хэмээн нэгэн охин нүд дальдран өгүүлснийг тодхон санаж байна. Тэр нүд гомо, гей хүмүүс болон хэсэг бүлгээрээ секс үйлдэгчдийн зуурдын аз жаргалын цаадах гунигийг илтгэж байв.
Тэдний эгнээ сүүлийн үед олширч, эхнэр, нөхрөөсөө салсан ч хөрөнгө мөнгөндөө дулдуйдан өөрөөсөө дүү охид, хөвгүүдийг уруу татаж байгаа нь нууц биш болжээ. Нөгөөтэйгүүр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн нэг хэсэг нь амьдралд гутарсан сэтгэлдээ тайвшрал тайтгарал эрдэг бол нөгөө хэсэг нь мөнгөндөө хахаж мансууралдаа сагадаг ажээ. Тэд л ганцхан мөчийн жаргалаас ХДХВ-ийг хүртэж байна. ДОХ-той амь өрсөн тэмцэж буй нэгэн эмэгтэйн өдрийн тэмдэглэлд, ДОХ өвчин миний биед гэнэт орсон шигээ миний оюун ухаан, найз нөхдийг маань гэнэт хулгайлчихсан. Халдвар авахаасаа өмнө би 68 кг жинтэй байлаа. Харин халдвар авснаас хэдхэн сарын сараа 45 кг болтлоо турсан. Энэ нь өвчнийх биш. Ердөө л ДОХ туссандаа сэтгэл санаагаар унасных юм гэжээ. Тиймээс бид нэгэн цагт найз нөхөд байсан хүмүүсээ ДОХ-оор өвчилсөн ч гадуурхах бус, өөрт буй сэтгэлийн дэмээ өгөөмөр гараараа дамжуулан өгөх учиртай. Ийм хүмүүст өгөөмөр сэтгэл дутагдаж байгааг ДЭМБ онцлон сануулж байна.
Манай нэрт сэтгүүлч агсан Т.Даваадорж “Монголын залуучууд” сонинд ДОХ хэдий аюултай ч өвчтэй хүнийг өөрсдийнхөө гадна түлхэн гаргахгүй, сэтгэл санаагаар унагахгүй байхыг эрхэмлэх хүн ёсны чанарын тухай “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” гэсэн нийтлэл бичиж байсан. Үнэхээр ч эрүүл саруулд нь үерхэж нөхөрлөж явсан болохоор миний найзын манай хаалга нээлттэй шүү гэсэн санааг тэрхүү богинохон зайд тод томруун илэрхийлж чадсан байдаг юм. Дэлхий улам бүр даяаршиж байна. Бүх талаараа. Зарим оронд секс туризм нь террорист сексийн аюулыг дагуулж эхлэв. Энэ нь юу гэсэн үг вэ? Амиа золислогчдод бөмбөг дэлбэлэх нь улам бүр олны хараа хяналтаас мултрах аргагүйд хүрч буйн улмаас ХДХВ-ийн халдвар тараадаг болжээ. Тэднийг зуучлагч нь нэг талаар интернэт болж байна.Үнэмшихгүй байвал сексээр дамжуулан чимээгүй аллага үйлдэгчид нь улс дамнасан тусгай кодтой алан хядагч отрядын зохион байгуулалтад хэдийнэ орж амжсан юм.
Тэднийг АНУ-ын Техас мужийн прокурорын зөвлөх Кертис Говард “Удаан ажиллагаатай тэсрэх бөмбөг, үхлийн зэвсэг” хэмээн нэрлэсэн байна. Учир нь каратэгийн хар бүстэй Филипп Падью гэгч өрсөлдөгчдийнхөө эхнэр болон бусад 11 эмэгтэйг сексээр “дэлбэлж” орхижээ. Тэгсэн чинь бас Москвад халдвар тээж тараагчдын ихэнх нь терроризмтой холбоотой болохыг тагнуулынхан тогтоосон байна. Ганцхан хоромд зад үсэрч үхэхийн оронд хэдэн жил амьд явж, халдвар тараагаад хөлсний мөнгөө үрж зугаацах нь ваххабитын бүлгийнхний хувьд хамаагүй ашигтай нь мэдээж. Ваххабитынхан шинэ терроризмыг сонгосон нь энх цагт ДОХ-ыг өнгө мөнгөөр чимээгүйхэн тараахад чиглэж байна. Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд ямар нэгэн үл танигдах наяад өвчинтэй нүүр тулсны эцэст заримынх нь нууцыг тайлсан ч ДОХ-ын цоожийг мулталж чадсангүй. Анх гей эрчүүд, хар тамхичдад тусдаг өвчин хэмээн таамаглаж байсан ч удалгүй хүн амын янз бүрийн давхаргынхнаас өвчилжээ. Ийнхүү 1983 онд Франц, Америкийн эрдэмтдийн илрүүлсэн ДОХ-ыг үүсгэдэг вирусууд адил гэдгийг өөр өөр орчинд баталж, ХДХВ гэсэн нэгэн ерөнхий нэрэнд шилжүүлэн анагаахын шинжлэх ухаанд нэршүүлсэн байна.
Харамсалтай нь үүнийг манайд хөрөнгөтний өвчин хэмээн үзэл сурталжуулж байсан ч 1992 онд ямар ч визгүй орж ирсэн билээ. Их л сонин хачин юм шиг хэвлэлүүд шуугиж, ямар сайндаа л хөдөөний нэг өвгөн хот руу явсан хүнд “Тэр доох гэдэг юмнаасаа чадвал хэдийг олоод ирээрэй” гэсэн онигоо гарч байхав дээ. Өнөөдөр Монголд ДОХ-оор халдварлагсдын тоо нэгэнт 98-д хүрчээ. Манайд ХДХВ-ийн халдвар тээгч болон ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн ярианаас үзэхэд энэ өвчин надад арай ч хүрчихгүй байлгүй гэж бодсон, би тэр хүнийг эрүүл гэж итгэж байсан хэмээх хожимдсон харууслыг л хүүрнэдэг. Эндээс харахад манайханд эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх наад захын мэдлэгтэй болоход ямар ч мөнгө төлөхгүй, тэр ч байтугай сайн дурын шинжилгээ өгөхөд сохор зоос ч шаардахгүй төв ажиллаж байхад өөрсдөө очихгүй л байна шүү дээ. Зорьсон хүнд олж ядах юм байхгүй. Дэлхий нийтийг түгшээсэн ХДХВ ба ДОХ-ын таних тэмдэг гэхээр наймын тооны адил хэлбэртэй улаан тууз бүхнийг цочроодог. Харин тэр тууз яагаад ДОХ-ын таних тэмдэг болсныг тэр бүрий мэддэггүй.
Түүнийг 1991 оны дөрөвдүгээр сард зураач Мур Фрэнк ДОХ-ын асуудалд олны анхаарлыг хандуулах зорилгоор зурж, эхэндээ “Visual AIDS” хөдөлгөөний гишүүд л сурталчилгаандаа ашиглаж байжээ. Зураач Мур Фрэнк сэтгэлдээ нэгэн гунигийг тээж явсан нь хүн төрөлхтөн цаг зуурын алан хядлагад өртсөн болон сураггүй алга бологсдыг хүртэл санан дурсдаг хэрнээ ДОХ-оор хорвоог орхигсдыг нэгээхэн ч дурсдаггүй байсанд оршино. Тиймээс энэхүү тахлын золиос болсон 140 мянган талийгаач нарын хойноос гашуудлыг сануулсан зураачийн хүсэл биеллээ олж, жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр болгон тэмдэглэж, үүнд Монгол Улс 2000 оноос эхлэн нэгдсэн билээ. Гэхдээ ДОХ бол үхэл биш, амьдралын шалгуур. Анх 2005 онд 14 тохиолдол бүртгэгдэж, биднийг хирдхийлгэсэн ч ДЭМБ-ын судалгааг үндэс болговол манай монголчууд хормой чангатай ард түмэн бололтой.
Монголчуудын хувьд ХДХВ ба ДОХ-ын талаар ичиж зоволгүй сурталчлах нь жаахан хоцрогдож байх шиг. Монголд гей эрчүүд, ижил хүйстнүүд гэхээсээ илүүтэй гадаадад сурч .ажиллагсад, хот хөдөөд шилжин суурьшигсад болон импортын ажилчид илүү эрсдэл дагуулж мэдэх юм. Монголчууд өр нимгэн хүмүүс. ДОХ-той хүмүүс дэндүү өрөвдөм, дэндүү үхээнц, дэндүү өөрийгөө бусдаас тусгаарлагч болчихдог байна. Хөөрхий тэд нэг талаар жирийн хүмүүс биш болжээ. Гэсэн ч итгэл найдвар байна. ХДХВ-ийн халдварын идэвхжлийг бууруулах вакциныг хүн төрөлхтөн одоо хэр гарган авснаа зарлаагүй ч анхны алхам үр дүнд хүрснийг битүүхэн мэдээлж байна. Энэ чимээгүй тахлын талаар 2001 онд НҮБ-ын чуулганаар авч хэлэлцсэн. Жилд дор хаяж гурван сая хүн сүг болтлоо шаналсаар нас барж байгаа нь аймшигт харанга дэлдэж байгаа юм. Тиймээс НҮБ 2015 он гэхэд ДОХ-ын тархалтыг аажмаар зогсоох зорилт тавьсан юм. Үүнийг хэрэгжүүлэхэд чимээгүй тахлын харанга хүмүүсийг сэрээж байх учиртай.
Харамсалтай нь ХДХВ-ийн халдвар дунджаар 8-10 жил далд хэлбэрээр үргэлжилдэг болохоор хүмүүс бүтэн нэг арваныг таг дүлий өнгөрөөдөг ажээ. Тэгээд ч ХДХВ ба ДОХ-ын ялгааг тэр бүр мэддэггүй. ХДХВ нь ДОХ-ыг үүсгэгч вирус юм. Зөвхөн хүний биед л амьдрах чадвартай. Өөр хаана ч оршиж чадахгүй. Гэсэн ч хэнбугайд ч тусч болох айдас.Дашрамд дурдахад манайхны ХДХВ, ДОХ-ын тохиолдлын судалгаанаас харахад 25-29 насныхан илүү өртөж, 30-34, 40-44 насныхан эрсдэлтэй бүлгийн тоонд багтаж байна. Хамгийн ноцтой нь дандаа бэлгийн замаар халдварласан нь тогтоогджээ. Тиймээс жанжин Сүхбаатарын талбай дээр нэгэнтээ бэлгэвчин мөндөр буулгасан Монголын залуучуудын холбоо, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай нарын сюрпризийг гоочлох хэрэг байна уу? ДОХ-оор толгой цохидог Тайландад “Хүн бүр бэлгэвч” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тархалтыг мэдэгдэхүйц бууруулж чадсаныг ДЭМБ туршлага болгон хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад зөвлөдөг юм билээ. Хөгжиж буй манай улсын хувьд ДОХ-ын аюулт тахлын өмнө хаалгаа хариуцлагагүйн улмаас тайлж өгсөн бусад орны гашуун сургамжаас санаж сэрэхэд илүүдэхгүй.
Казахстаны өмнөд бүсийн Шымкентэд 2006 онд гэнэтхэн ХДХВ-ийн халдвар авсан 78 хүүхдийн тоо даруй 133-д хүрчээ. Халдвар эмнэлгийн ажилтнуудын буруугаас ХДХВ-тэй донорын цусаар дамжин тархсан нь тогтоогдсоноор ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн биеэр газар дээр нь танилцаж, удалгүй 12 хүнд шүүхийнхатуу шийтгэл ногдуулжээ. Энэ явдлаас хоёр жилийн дараа Киргизийн өмнөд бүсийн хоёр эмнэлэгт 30-аад өвчтөн ХДХВ-ээр халдварласны дотор ихэнх нь хүүхдүүд байлаа. Тэдэнд халдвартай донорын цуснаас гадна нэг тариурыг олон дахин ашиглаж байсан нь уршиг дагуулжээ. Ургаар болон халдвартай цусаар дамжин өвчилсөн хүүхэд Ошийн бүсийн Ноокат тосгоны эмнэлэгт хэвтсэний дараа эдгээр халдвар тархсан байна. Халимагийн нийслэл Элистэд ч 1988 онд үүнтэй адил тохиолдлоор 260 хүүхэд халдвар авч байжээ. Харамсалтай нь Казахстан, Киргизийн эрүүл мэндийн салбарын дээд шатныхан энэ гэмт хэргийн уснаас хуурай гарч, дунд шатныхан жийгдсэнээр өнгөрсөн нь олны дунд ихэд шуугиан тарьж байсан. Мөн 1998 онд Ливид ХДХВ-ийн халдвар авсан 400 хүүхдийн тухай асуудал олон улсын төвшинд ихээхэн шуугиан тарьсан. Палестиний эмч Ашраф Ахмед Жумаар удирдуулсан Болгарын Кристиана Вулчева, Нася Ненова, Валя Черневяшка нарын таван сувилагчийн алдаанаас болж 50 хүүхэд ДОХ-оор амь насаа алджээ.
Халдвар хэрхэн тархсан нь албан ёсоор батлагдаагүй ч ажлын хариуцлага алдаж, эмнэлгийн багаж хэрэгслийн ариутгалын ажилд бүрэн хяналт тавиагүй эмч, сувилагчдын буруутайг тогтоосон юм. Харин Монголд тархаж буй ХДХВ-ийн халдвар ЭМЯ болоод олны дунд олигтой цочроо өгөхгүй байна. Хэдийгээр албан ёсны халдвартай хүмүүсийн тоо жилдээ 20-иос хэтрэхгүй байгаа ч яг үнэндээ 7000-д хүрсэн гэж зарим эх сурвалж үздэг юм билээ. Гадаадын байгууллагууд л энэ талаар биднээс илүүтэй манайхны асуудалд хандаж байгаа нь гашуун ч гэсэн үнэн. ХДХВ, ДОХ-той тэмцэх гол хэрэгсэл болсон бэлгэвч худалдан авна гээд манай Засгийн газар төсөвтөө ер хэдэн төгрөг суулгаж өгдөг юм болоо. Дам сонсвол жилд 6-7 сая ширхэг бэлгэвч дутагддаг гэж байгаа. Манайхан дээр доргүй ДОХ-ын асуудлаж харийн юм, маньд хамаагүй гэх маягаар хандаад байвал хаалга цохилгүй визгүй зорчдог чимээгүй аюулыг хаанаа яаж хааж зогсоох юм бол. ДОХ-той нэг хүнийг эмчлэхэд жилд 4-10 сая төгрөг зарцуулдаг гэвэл манай дундаж орлоготой айлын тогооноос хол давна. Энэ бол аюулын хоёрдогч харанга. Өвчин тээж, мөнгө төлөх гэж үү, хүмүүс ээ!
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ