Ц.Батбаярыг нэмж хэрэгт татлаа
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт татагдан шалгуулж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт нэмж шалгаж эхэлжээ.
Тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газраас экс гишүүнийг хууль бус хувьчлалтай холбоотой асуудлаар шалгах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн юм байна. Түүнд АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264-р хэсэгт зааснаар хэрэг үүсгэжээ.
Учир нь Ц.Батбаяр нь Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн дүү Ц.Чанцалд Сэргээн засах клиникийн эмнэлгийг хууль бусаар хувьчилж өгсөн гэсэн баримт олдсон байна.
Өмнө нь холбогдсон хэргийг нь нэхэн сануулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр 2005-2007 онд нийслэлийн Засаг дарга байхдаа Н.Энхбаярын хэрэгт холбогдсон. Түүнийг нийслэлийн өмчийг хувийн компанитай дур мэдэн нийлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгасан боловч мөрдөн байцаалтын шатанд түтгэлзүүлээд буй.
Тэрбээр 2005-2007 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 1995 онд байгуулагдсан НӨҮГ-ын “Өргөө”-г 2000 онд “Дүнжингарав”-тай нэгтгэжээ. Ингээд НӨҮГ-т харьяалагдах ёстой “Өргөө”, “Дүнжингарав”-тай нийлснээр 2003 оноос эхэлж ашиггүй ажиллаж эхэлсэн гэх.
Тиймээс тухайн үеийн Засаг дарга байсан Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд « Өргөө»-гийн менежментийн ажлыг сайжруулах саналыг НИТХ-д өргөн барьсан аж.
Улмаар ИТХ-аас НӨҮГ-т хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компанийг байгуулаад сонгон шалгаруулалт хийх ажлыг Ц.Батбаяр даргад үүрэг болгожээ. Ингээд сонгон шалгаруулалт хийх үүрэг авсан Ц.Батбаяр эсрэгээр нь ямар ч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр «Хар дун» компанид «Өргөө»-г өгөхөөр НӨХГ-ын орлогч дарга байсан Д.Дуламсүрэнд даалгаж байжээ.
Тэрхүү “Хар дун” компани нь Н.Энхбаярын туслах Т.Тулгын ахынх нь компани байсан юм. Түүгээр ч зогсохгүй тус компанитай Н.Энхбаярын хүү Э.Батшугар холбоотой болох нь батлагдсан аж.
Тиймээс “Өргөө”-г “Хар дун” компанид сонгон шалгаруулалт хийхгүйгээр өгсөн Ц.Батбаярыг Н.Энхбаяртай холбож ярихаас өөр аргагүй хүрчээ. Ц.Батбаярын дэмжиж байсан компани нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмч байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон. Мөрдөн байцаалтын явцад "Өргөө" НӨҮГ-ыг сонгон шалгаруулалт хийхгүйгээр 25:75-ын харьцаатайгаар хувийн компанид өгснөөс болж, нийслэлд буюу улсад 453.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ