Засаг ноёдын хэн нь хэн бэ
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутгийн хөрсөн дээр буулгах засаг ноёдын томилгоо эхэллээ. Одоогоор Дорнод, Баянхонгор, Дорноговь, Багануур дүүргийн Засаг дарга нарын нэрс тодроод байна.
Өмнөговийн Засаг дарга улиран сонгогдлоо
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрөгч лхагва гаригт болж, олонхийн саналаар Засаг даргад Б.Бадрааг улируулан сонгохоор болсон байна. Хуралдааны үеэр Ардчилсан намын зүгээс экс Засаг дарга Б.Бадрааг нэр дэвшүүлсэн нь төлөөлөгчдийн 100 хувийн нэгдсэн саналаар дэмжиж, нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлжээ. Тиймээс Өмнөговь аймгийн ИТХ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу өчигдөр Ерөнхий сайд Б.Бадрааг тус аймгийн Засаг даргаар ирэх дөрвөн жил томилсон байна.
Сахилга хүртсэн Ц.Сандаг-Очир
Нийслэлийн ИТХ-ын ээлжит зургадугаар хуралдаанаар өчигдөр Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томилуулахаар нэрийг өргөн барьсан байна. Энэ удаагийн Орон нутгийн хурлын сонгуулиар Багануур дүүргийн 25 мандатаас МАН-13, АН-12 суудал авсан юм. Ц.Сандаг-Очир нь өнгөрөгч 2008-2012 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан нэгэн. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын энэ сарын 02-ны өдрийн захирамжаар хууль зөрчиж томилгоо хийсэн гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авахуулж байсан, АТГ-ын үүдийг өнгөрөгч хаваржин сахьсан гээд түүнтэй холбоотой мэдээллүүд сонин сэтгүүлийн шарласан хуудсанд олон бий.
Дорнодыг М.Бадамсүрэн ахлана
Дорнод аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, 18 төлөөлөгчийн саналаар МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнг тус аймгийн Засаг даргаар томилжээ. Засаг даргын суудлын төлөө МАН-аас М.Бадамсүрэн, АН-аас Д.Цэрэнчимэг нар өрсөлджээ. М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргад сонгон томилж буй ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр хүргүүлэхээр болжээ.
М.Бадамсүрэн 2001-2003 онд “НИК” ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт ШТС-ын эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн аймаг дахь салбарын дарга, 2009 оноос Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан аж.
Дорноговь аймагт П.Ганхуягийг дэмжлээ
Дорноговь аймгийн ИТХ хуралдаж ирэх дөрвөн жил тус аймгийг удирдах засаг даргаа сонгосон байна. Тодруулбал, Дорноговь засаг даргад АН-ын дарга П.Ганхуяг, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар нарын нэрийг дэвшүүлж санал хурааж олонхын дэмжлэгийг нэр дэвшигч П.Ганхуяг авчээ. Тиймээс ирэх дөрвөн жилд Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхээр боллоо. Шинэ засаг даргын нэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт удахгүй өргөн мэдүүлэх юм.
Баянхонгорын Засаг дарга сонгогдов
Баянхонгор аймгийн ИТХ болж, олонхын саналаар засаг даргад тус аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайханы нэрийг дэвшүүлж, дэмжсэн байна. Харин ИТХ-ын даргаар мөн АН-ын гишүүн Б. Ширнэн томилогдсон байна. Тус аймаг Орон нутгийн сонгуулиар 41 мандатаас АН-25, МАН-14, МАХН-1 төлөөлөгч тус тус сонгогдсон юм.
Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ