
Москва хотын дээд шүүхээс дуулиант Пусси Риот хамтлагийн клипүүдийг мөн шашны сүмд Ерөнхийлөгч Валадимир Путины тухай дуулсан доромж утгатай дүрс бичлэгийг оросын олон нийтийн телевизийн сувгууд болон, нийгмийн сүлжээнүүдээр цацахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн улс төр, шашны эсрэг элдэв дуу, клип хийж байсан үйлдлийг нь буруутган ийнхүү эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан юм. Хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн хамтлагийн гишүүдийн нэг Екатерина Самуцевичийг өнгөрсөн долоо хоногт сулласан. Одоогоор хамтлагийн хоёр гишүүн Мариа Алёхина, Надежда Толоконникова нар хоригдож байгаа юм.
Тэдний бүтээсэн “Панк залбирал” хэмээх католикийн сүмд хийсэн клипийг нийгмийн сүлжээний YouTube сайтнааас ойролцоогоор 2.4 сая хүн үзсэн аж. Тиймээс нийгмийн сүлжээн дэх тус хамтлагийн клип, дүрс бичлэгүүдийг үзэх боломжгүй болгон хаасан байна. Хэрэв тэдний клипийг гаргасан тохиолдолд мэдээллийн сувагт хариуцлага тооцохыг ч бас сануулсан байна.
Өнгөрсөн зунаас хойш шүүх цагдаагийнхантай хөөцөлдөн тоглосон тэд олон улсад өөрсдийн дуу хоолойгоо хүргэж эрхээ хамгаалуулахаар тэмцсэн ч хамтлагийн гишүүдийн гурав нь хоригдох ял сонссон юм. Харин үүнийг эсэргүүцэн олон улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан. Тэднийг чөлөөтэй уран бүтээлээ туурвиж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорих нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа юм.
Хэргийн шүүгч Марина Мусимович хэлэхдээ “Хамтлагийн клипүүдийн ихэнх нь хэт туйлширсан үзлийг агуулсан. Нийгмийн эсрэг чиглэсэн. Дууны үг болоод, клипний бүжгүүд ч зарим талаараа садар самууныг сурталчилсан утгатай” гэжээ.
Хамтлагийн дуучид өөрсдийн уран бүтээл, үзэл суртлаа илэрхийлсээр байх болно гэдгээ өөрсдийн фенүүддээ хэлсэн аж.
Тус хамтлагийн хувьд 2002 оноос уран бүтээлээ туурвиж байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ