
НҮБ-ын ерөнхий Ассамблейн хуралдаан өчигдөр хуралдаж Палестиныг НҮБ-ын ажиглагч гишүүн орон байх асуудлыг дэмжлээ. Санал хураалт Израиль, Канад, АНУ зэрэг 10 гаруй орны эсэргүүцэлтэй тулгарсан ч дэмжигдэж чадсан юм. Палестинчууд харин санал хураалт амжилттайгаар дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байсан гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас санал дэмжигдсэний дараа Ерөнхий Ассамблейн хурал дээр “Израйль Палестин хоёрын газар нутаг болон бие даасан улсын асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам боллоо” хэмээн хэлжээ.
Энэхүү санал хураалтын дүнд гарсан баримт бичигт “Палестин-Израилийн хэлэлцээ”-г нэн даруй сэргээхийн чухлыг тодотгосон юм. Мөн “1967 оноос өмнө байсан хил хязгаарын хүрээнд Израильтай энх тайван, аюулгүй байдалд хаяаа дэрлэн аж төрж байгаа тусгаар тогтносон бүрэн эрхт, ардчилсан, бүрэн бүтэн улс” байгуулах нь уг хэлэлцээний үр дүн болох ёстой аж.
НҮБ 60 оронтой хамтран Палестины төлөөлөгчдийн боловсруулсан тогтоолын төслийг батлахад Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орны олонхийн дэмжлэг шаардлага тулгараад байсан. Харин өчигдрийн хуралдаанд 138 орон, 41 үндэстэн Палестиныг улс гэж хэдийнэ хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү санал дэмжигдэх гол хөшүүрэг болсон юм.
Санал дэмжигдсэний дараа Израилийн НҮБ-ийн төлөөгч Рон Просор “Бүрэн эрхт улс болгон зарлаж байгаа хэрэг огтоос биш. Зөвхөн энх тайвны төлөө гаргасан шийдвэр” хэмээн мэдэгджээ.
Палестин НҮБ-ын ажиглагч гишүүн орон босноор Олон улсын шүүхэд хандан, өөрийнх нь мэдлийн нутаг дэвсгэр болох Иордан голын баруун эрэг, Иерусалимын зүүн хэсэг, Газын зурвасыг чөлөөлөхийг энэ шүүхээр дамжуулан шаардаж болох эрх нь нээгдэж байгаа юм. Үүнээс гадна, цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэхэмжлэлийг гаргаж болохыг шинжээчид сануулж байна.
Энэхүү мэдээг дуулсан палестинчууд Рамаллахын төв талбайд цугларан баяраа тэмдэглэж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ