Нөөцөд байгаа өвсийг малчдад худалдахаар болов
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Улсын Онцгой комиссоос дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Орон нутагт нийт 49 цэг дээр шуурхай ажлын хэсэг байгуулан зам давааг нээн ажиллуулж байгаагийн зэрэгцээ Архангай аймгийн Цагаан даваа, Завхан аймгийн Загастайн даваа хаагдсан байсныг өнөөдрөөс эхлэн зам давааг нээх ажлыг зохион байгуулж байна.
Хаагдсан зам давааг нээх, малчдад өвс тэжээлийг хүргэхэд ашиглах зорилгоор туулах чадвар сайтай автомашинууд ЗХЖШ-ын анги нэгтгэлүүдээс гаргуулан Өвөрхангайд 6, Баянхонгорт 8, Завхан аймагт 4 автомашиныг ажиллуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж эхэлжээ.
Шатахууны хомсдолтой байгаа аймгуудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баян-Өлгий аймагт 120 тонн шатахуун, Увс аймагт 300 тонн, Ховд аймагт 100 тонн дизель түлш, 100 тонн шатахууны нөөцийг өнөөдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Овшоо боомтуудаар татаж нөөцлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тухайн аймгийн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвс тэжээлээс Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгуудад бэлтгэсэн үнээр нь малчдад худалдан борлуулахаар шийдвэрлэв.
Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас сумдад үүсээд байгаа өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, хаагдсан зам давааг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх, малчдад улсын нөөцөөс өвс тэжээл олгох зэрэг ажлыг газар дээр нь зохион байгуулахаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажлаа эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ