
Ардчилсан Конго улсын Гома хотод Засгийн газрын цэргүүд, М-23 буюу “Гуравдугаар сарын 23” бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Харин өчигдөр М-23 бүлэглэлийнхэн Гома хотыг орхих гэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Гома хотод зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас цэргүүд бүлгэмийн гишүүдээс гадна энгийн номхон ард иргэд ч олноор өртөж амь насаа алдсан тухай Ассошейтэд Пресс агентлаг уламжилж байгаа юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш бослого хөдөлгөөн өрнөсөөр байгаа бөгөөд 500 мянган хүн ар гэрээ орхин дүрвэн зугтаасан байна. Тэдгээр хүмүүсийн 140 мянга орчим нь хөргш зэргэлдээх улсууд руу дүрвэсэн гэсэн мэдээ байна. Мөргөлдөөн үүсгэгч талууд их буу, тэсрэх бөмбөг зэрэг хүчтэй зэвсэг хэрэглэж байгаа нь ихээхэн хохирол учруулаад баайгаа. Гома хотоос гадна хойд хэсгээр байрлах Кибумба тосгонд тулаан өнгөрөгч долдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа. Сүүлийн мэдээллээр мөргөлдөөний улмаас Гома, Оливиер, Хамули хотод 44 босогч амь үрэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “М-23-ны хөдөлгөөн”-ийг тарахыг шаардсан тогтоолыг гаргасан. Гэсэн ч энэхүү шаардах бичигт доривтой хариу ирүүлээгүй байсаар өдийг хүрээд байна. Босогчид жирийн иргэд, НҮБ-ын энхийг сахиулагчид, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд руу довтолж, хүний эрхийг зөрчиж, түүний дотор хүний амь хөнөөж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдийг цэрэгт элсүүлж байгаа бусармаг явдыг үйлдэж байгаа нь олон улсын хэмжээнд яригдах хурцадмал асуудал болоод байгаа. Хээрийн цэргийн командлагч Инносент Каин, Баудуин Нгаруйе хоёрын нэрийг уг баримт бичигт дурдаад, тэднийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн байна. Хөдөлгөөнийхөн гаднаас санхүү, цэргийн тусламж авч байна гэх мэдээлэл байгааг судлаж үзэхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаас Аюулгүйн зөвлөл хүсээд, хэрвээ үнэн байвал “холбогдох арга хэмжээ” авахад бэлнээ илэрхийлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ