
Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6-3.6 жилийн ял сонссон долоодугаар сарын 01-ний үймээний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг Дээд шүүхийн шүүгч нар хэлэлцээд ялыг нь хэвээр баталжээ. Энэ шийдвэр цагдаагийн экс дарга болон өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь хүнд цохилт болов.
Тэд аргаа барж, хаана хандахаа ч мэдэхгүй уймарч явна. Өчигдөр шүүхийн шийдвэрийг сонссон генерал Ч.Амарбол сэтгэлээр унаж, даралт нь огцом ихэсч Хорихын эмч нарыг сандаргасан байна. Өчигдөр гэрийнхэн нь очиж уулзсан бөгөөд тэрбээр “Дээд шүүхийн шийдвэрт найдаж байлаа. Үнэхээр горьдож байлаа.
Одоо бол найдвар тасарсан. Ерөнхий шүүгчид хандаад ч нэмэргүй. Ерөнхийлөгчийн захиалгаар ажиллаж шийдвэр гаргадаг шүүгчид байдаг юм байна. Шүүхэд үнэн гэж алга. Одоо хаана хандахаа ч мэдэхгүй байна. Төрийн төлөө улсад 34 жил үнэнч зүтгэснийхээ үр дагаврыг өнөөдөр үүрээд, хийсэн хэрэггүй байж хориход ялаа эдлэн сууж байгаадаа харамсч байна. Миний үйлийн үр юм байх” гэж хэлээд уйлсан байна.
Ар гэрийнхнийх нь ч найдвар тасарсан байна. Ядаж дэглэмийг нь бууруулаад өгчихөж болоогүй юм байх даа хэмээн халаглаж сууна. Ерөнхий шүүгчид хандах хугацаа нь хуулийнхаа дагуу явагдах бөгөөд доод тал нь 30 хоног байх аж. Ийнхүү хэрэг нь эцэслэн шийдэгдэхгүй явсаар шүүхээс оноосон ялаа генерал, хурандаа нар эдлээд гарах нь тодорхой болж байх шиг ээ.
Харин өмгөөлөгч Ж.Яринпилийн хувьд 40 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллахдаа ийм шүүх хурал үзсэнгүй хэмээн толгой сэгсрээд шүүх танхимаас гарсан байна. Тэрбээр маргааш генерал Ч.Амарболд дээр очиж уулзах бөгөөд шүүх хурлын бүх процессыг ярих гэнэ.
Хуралд шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн зэрэг гурван шүүгч орох ёстой байсан ч ганцхан шүүгч орсныг өмгөөлөгчид гайхаад байгаа гэнэ. Хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, хохирогчдын өмгөөлөгчөөр Н.Болормаа нар оролцсон байна.
Шүүгдэгч гурвыг Эрүүгийн хуулийн 274, 294 дүгээр заалт буюу цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өдүүлсэн, цэргийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх гэсэн зүйл ангиар ялласан билээ.
Ч.Амарболдын хувьд ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангид ялаа эдэлж байгаа ч 100 айл дахь Хадгаламж зээлийн хоршооны байранд жижүүр хийж байгаа гэх мэдээлэл байгаа ч үүнийг ар гэрийхэн нь үгүйсгэсэн. Ш.Батсүх Амгалан дахь хорих ангид ялаа эдлэхийн хажуугаар жижүүр хийж байгаа гэсэн. О.Зоригтын биеийн байдал хүнд, Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд сар болж байгаа аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
-Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ