Монгол улсын гавъяат жүжигчин, лимбэчин, зураагч, алиалагч, сийлбэрч, мужаан, барималч хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт гээд л уулын орой дээр босгосон овоо шиг олон чимэг зүүлттэй тогдгор хэмээх Галсантогтох эрхэмтэй энгүүн хууч хөөрсөн юм.
-
Гавъяат аа! Таньтай уулзахдаа улиг болсон асуулт асуухаас аль болохоор зайлсхийх гэж оролдлоо. Тогдгор гэж анх хэн нэрлэсэн бэ?
- Би чинь бутач хүүхэд юм билээ. Нэг ёсондоо хээр хөдөө бутны ёроолд олджээ гэж ойлгож болно. Гэхдээ, ээжийнхээ нэг ярианаас сэжүүр авахдаа арай биш, гэрт олдсон хоноцийн хүүхэд юм билээ. Сайнаар ярибал гал дээр өссөн гал зээ л байхгүй юу. Манай Өвөрхангайн Хайрхан-дулааныхан намайг Мурьч Шарав гэдэг хүний нууц хүүхэд гэж баталдаг. Айлын найранд уригдаж дуулж, хуурддаг, дээлэн дээр нь ширхэг ч хялгас харагддаггүй, жигтэйхэн ганган хөх өвгөн байсан. Ээж минь 1970 онд бид хоёрыг албан ёсоор танилцуулсан сэтгэл уярам тэр өдрийг мартдаггүй. Жижигхэн хөх өвгөнний хүүхэд тогдгор байлгүй яахав. Энэ бол миний хоч биш. Ард түмнээс олгосон цол гэж ойлгож, бахархаж хайрлаж явдаг. Тэр ч байтугай нуруу, туруутай хүн болох гэж урт дээл өмсдөггүй, хэргээр оодондуу дээл өмсөнө. Ямар Дамбийжаагийн тоодгор гэж байгаа биш.
- Ингэхэд ямар сургууль төгссөн бэ? Болгарт л сургууль төгсчээ гэж ойлгодог юм.
- Би ерөөсөө сургууль төгсөөгүй. Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко өөрийгөө дөрөвдүгээр ангийн боловсролтой гэж зарласан байдаг. Би яг адилхан. Үүгээрээ бид хоёр дээд сургууль төгссөн. Зарим томчуудыг ичээдэг юм. Харин Болгар улсад 1968 онд ДЗО-ны IX фестивальд жагсаалын цэрэг байхдаа оролцсон. Над шиг байлдагч тийм том фестивальд явсан түүх Монголд байхгүй гээд онгирчихъёо!!!
- Вокзал дээр цэрэг бакалтай тууж явсан гэдэг үнэн үү?
- Үнэн. Дарханаас явсан юм. Дарга нар маань намайг цэргийн Ногоон хувцастай явуулах уу, офицер юм уу парад хувцас өмсгөх үү гээд ацан шалаанд орчихжээ. Би 70 төгрөгний костюм аваад шууд бакалан дээр гадуур нь тавьж өмсчихөөд бас их лут байгаа юм аа. Одоо бодоход өөрийгөө өрөвддөг юм.
- Тэгвэл, хугацааны цэрэг болохоор 18-20 настайдаа их наадамд явж дээ.
- 27 настай явсан би чинь цэрэгт явах сонирхолтой. Гэтэл, өндөр нь 150 сантиметр хүрдэггүй, хүнд нь 48 килограмм татдаггүй, насаа идсэн Нагжаахай. Бухан бяруу шиг юм шүү дээ.
- Болгарт хэдэн жил болсон юм биш үү!
- Өө тэр үү. Тэнд сүүлд эмчилгээнл яваад Софи хотын төв эмнэлгийн эмчлүүлэгч, Болгарын эмч хүүхэнд сэтгэлийн жолоо алдаад нэг гэрт орчихсон хэрэг. Хоёр жил хагас ханилан суугаад би Монгол руу буцчихсан.
Ингээд дуусгачих уу? Манай эхнэр Тунгалагтамир муухай хараад байна. (алиалав)
- Армийн урлагийн байгууллагад нилээд удсан юм аа даа.
- ААДБ-ийн Ансамбльд 17 жил болсон. Армийн буянаар надад Монголд очоогүй том баг ч байхгүй. Улсын хилээ бол бүтэн гурав тойрчихсон. Тэгэхээр би эх орныхоо үнэнч хүү нь. Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Ёндог генералуудыг Батлан Хамгаалахын сайд байхад нь их тодорсон. Улсын баатруудтай найзууд байв. Ялангуяа армийн генерал Батын Дорж гуайн цүнх буу хоёрыг их зөөсөн.
“Галсантогтохыг машиндаа авч явъя! Бага зай эзлэх юм. Дуулж, хуурдаж бүжиглээд, арга ядахдаа хүний инээд хүргээд байх юм. Орон тоонд хэмнэлттэй” гэдэг байлаа. Тэр сайхан хүний буяныг мөн их хүртсэн дээ. (залбирав)
- Лимбэнийхээ тухай?
- Нэг хэсэг намайг лимбэтэй алиалагч гэж хочилдог байлаа шүү. Лимбийг битүү амьсгаа гэдэг. Дэлхийд Монголоос өөр битүү амьсгаагаар тоглодог үндэстэн байдаггүй. Бурхан зөвхөн монгол хүнд л битүү амьсгааг заяасан. Монголд лимбийг мэргэжлийн өндөр төвшинд тоглодог аравхан хүн байна. Түүний дээд оргилд нь гурван өвгөн байна. Нэг нь би нөгөө хоёр нь филармоний Сүхбаатар, Өмнөговь аймгийн харьяат гавьяат жүжигчин Батжаргал гэж өвгөн. Тэрнээс доош Түмэн эх чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулга, Төмөр замын чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гээд урлагийн байгууллагад байгаа хэдэн сайхан лимбэчин байна даа. Манай БСШУ-ны яам мэдэрч дэлхийд ЮНЕСКО-д лимбээ бүртгүүллээ. Энэ бол миний хамгийн том гавьяа.
- Лимбээр бол Монголдоо нилээд дээгүүр орох хөгжимчин гэж ард түмэн үнэлдэг юм билээ.
- Түүнийг ард түмэн дүгнэнэ биз. Халхын дөрвөн том лимбэчний нэг УГЖ Шарав гуайг айлд тоглож байхыг сонсоод өөрийн оролдлогоор шимтэн суралцсан. Одоо энэ хөгжим маань намайг тэжээж байна. Чөлөөт уран бүтээлч маягаар, концерт, үдэшлэг, тайлан тоглолт айлын найран дээр ч тоглодог.
- Айлын найр гэснээс архи огт уудаггүй гэл үү.
Тэр бид хоёр хол юм. Жижигхэн хүн чинь архи даахгүй. Уухаараа өөрөөсөө том биетэй хүнд агсагнаад инээд хүрмээд харагддаг. Том хүн чинь нэрлэхээд жижиг хүнийг шоглож чаддаггүй. Тэгэхээр онигоонд орж байгаа юм. Би чамтай уулзахаас өмнө айлын найран дээр сууж байгаад ирлээ.
Одоо нас жар хүрчихээр хойморт суух юм. Дээд хүн цэмцэгнээд байхаар доогуурхи хүмүүс тохь алдах юм. Гурван хундага буюу 100 грамм архи уучихаад 10 мянган бэлэглэчихээд ирлээ. 100 грамм архи 10.000 төгрөг хүрч байна шүү дээ. За за би тоглосон юм. Би их тооцоотой нарийн хүн шүү дээ. (хөгжилтэйгээр хөхрөв)
- Венесуэлийн “Халтар царайт” киноны жүжигчдийг тээр жил ирэхэд өөрөө ёстой нэг од болсон санагдаж байна.
- Тэд, лимбэ сонирхсондоо биш “Санта миний тоглосон аялгуунд уяраад уйлчихсан юм. Тэгэхээр нь би хөөрөөд Латин Америкийн Перу нутгийн “Элькондор Паса” гэдэг Аялгууг тоглочихсон чинь цус нь хөөрөөд намайг тэвэрч үнссэн. Учир нь Сантагийн эцэг нь энэ аялгууг сонсох дуртай байсан учраас эцгийгээ дурсаж л дээ.
- Лимбийг сурахад ер нь хэцүү юу.
- Тэр болгон сурахгүй л дээ. Битүү амьсгаа гэдгийг бурхан надад заяасан юм шиг байгаа юм. Халхын дөрвөн том лимбэчнийг дагаад УГЖ. Бадам, Өмнөговийн театрын УГЖ. Батжаргал бид гурав гарч ирсэн. Ноотны хүүхдүүд зөндөө л байна. Яг, ур донж хийц гээд нарийн юм их бий.
- Лимбэний цуглуулгатай юу?
- Надад нэлээд олон төрлийн лимбэ бий. Урт богино гээд л хөг, хөгөөрөө ялгаатай. Мөн хүн төрөлхтний түүхэн үеүдийг харуулсан лимбэнүүд ч бий. Тухайлбал, Хятадын шар цоохор лимбэнээс эхлээд л. Миний бас нэг цуглуулах дуртай зүйл бол аман хуур. 1960- аад онд хүн бүр аман хуур тоглодог байсан. Залуу хүн бүр аман хуурыг халаасандаа хийж явдаг байлаа. Тиймээс ч аман хуур гэж кино хүртэл хийж байсан байх. Одоо харин энэ хөгжим мартагдаад байгаа. Надтай хамт дуусчих вий дээ гэж л би жаахан харамсч явдаг юм.
- Танай эхнэр чинь өөрийг чинь та гээд байх юм.
Би нэг хууч яриа хэлье манай нутгийн өвгөн лам ярихдаа, залуу эхнэр нь анх ханилахдаа та гээд байснаа, одоо бараг “гөлөөг” гэж дуудах нь халаг боллоо гэж гомдоллож байсан. Түүн шиг эхнэрүүдийн мэдэл өндөрт гарч эрчүүд мияарч байгаа өнөө үед чихэнд их л наалдацтай сонсогдлоо.
Зарим хүмүүс тэднийг тайзан дээр байдаг шиг гэртээ нүүр, амаа улаан ногооноор будчихаад, эхнэр хүүхдүүдтэйгээ марзагнаад сууж байдаг юм шиг ойлгодог. Би өрхийн тэргүүн, хүүхдийн эцгийн хувьд энэ айлыг авч явах үүрэгтэй. Энэ үүргээ хир зэрэг биелүүлж байгаагаас хүндлэл шалтгаална. Анх, ханилахдаа та гэсэн, одоо ч хэвээрээ. Би, Тунгалагтамирыг, намайг та гэж хэлж бай гэж зандарч албадаагүй. Товч доо ийм л юм даа.
- Нилээд, дуншиж байж гавъяат цолонд хүрэв үү дээ.
- Аль хэдийнээ гавъяатаа гэж дууддаг болсон юм. П.Очирбат гуайг анхны ерөнхийлөгч болоход сурталчилгаанд нь явсан. Тэгэхэд, тав нь гавъяат цолонд хүрсэн. Аз дутсан уу, үдээсэнд хавчуулагдсан юм уу. Эсвэл хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон маань шавар хаасан эсэхийг бүү мэд! Хоцорчихсон. Би түүнд нь гомдоогүй. Би шагналын хойноос шартаж, шаралхаж явдаг хүн биш. Төр нүдтэй гэдэг шүү дээ.
- Одоо хоёулаа хошин шогийн талаар хэдэн үг солино байгаа.
- Хошин шог хоригдож байсан үед тоглолтон дээр ам халж хамаагүй бурчихаад намын даргадаа зэмлүүлэх энхүүхэнд байв. Ардчиллаас хойш “дэлбэрсэн” Гэхдээ дэндсэн юм бас бий. Хошин шог бол биеэ даасан урлаг юм. Дотроо олон төрөл жанртай. Жишээ нь алиалагч бол маш том төрөл. Ж.Данзан, Б.Содном гуай, Латиф, Сандаг, Цэдэнбал гээд томчууд байв. Одоо Батсүхээр минь төгсгөл болох шиг… Арай ч үгүй байлгүй дээ. Тэдний тухай ярих хамгийн ахмад алиалагч нь би л үлдлээ гэж бодоход гунигтай санагддаг.
- Алиалагч гэдэг хүнд мэргэжил биз?
- Циркийн алиалагч гэдэг бол ховор мэргэжил. Монголд хуруу дарам цөөхөн алиалагч байлаа. Энэ ховор мэргэжлийг олж авсандаа ч би баяртай байдаг. Циркийн алиалагч бол циркийн тоглолтын бүх л төрлийг бүрэн төгс эзэмшсэн байх ёстой. Тэгж байж л мэргэжлийн үнэмлэх авдаг. Манайд цорын ганц мэргэжлийн сургууль төгссөн алиалагч бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Батсүх байлаа. Түүнээс биш Латиф, Цээеэ, бид нар бол бор зүрхээрээ л алиалж яваад насыг барсан хүмүүс. Бөх л гэхэд Түвдэндоржийн үе, хоёр Мөнхийн үе, Бат-Эрдэнэ аваргын үе гэдэг шиг урлаг бас үе үеэрээ явж байна. Данзан, Содномын араас халзан Цээеэ, тогдгор Галсантогтох гэж байгаа шиг хойч үе ч их сайхан гарч ирж байна. Батзаяа, Чаминчулуун, Туяа, Онон, Өлзийхүү гээд л явж байна шүү дээ. Одоо хошин шогийнхон дотроос хамгийн өндөр настай нь би болжээ. Сүүлийн үеийн манай хошин урлагийнхан сайн байгаа. Би энэ хүүхдүүдэд их баярлаж явдаг.
- Чамтай усны дусал шиг адилхан хүн байдаг гэсэн.
- Тийм шүү. БНТува улсын гавъяат жүжигчин Демер-Оол гэж хүн бий. Эхнэр нь хүртэл эндүүрээд намайг гар нүүрээ угааж байхад хүзүүн дээр ванны алчуур шидчихээд учиргүй ичиж уучлал гуйж байсан удаатай.
- Танай удамд урлагийн хүн бий юу?
- “Тусгай салаа“ киноны Дэндэвийн нагац ах нь би байгаа юм. Манай ааваас өөр айхтар дуулдаг, хуурддаг хүн манай удамд байгаагүй. Харин хойч үеэс маань ганц, нэг хүүхэд урлагт орж ирж байгаад би баярладаг. Би Эрдэнэбаяртаа их хайртай. Амархан ч олны танил болж байна.
- Хурим найранд их уригдана биз?
- Би жилдээ 20 гаруй хуримын урилга авч байна. Мөн хүүхдийн үсний найр, ах дүүгийн ургийн баяр, янз бүрийн хүлээн авалт гээд л олон сайхан арга хэмжээнд оролцоно. Энэ бүхний цаана эдийн засаг байна. Яахав, 70 нас давж яваа өвгөн тэтгэвэр дээрээ жаахан нэмэр болох юм олоод л сууж байна. Хүмүүс урлагийг үнэлж байна. Тэр ч утгаар бололцооны л сайхан амьдарч байна.
Ярилцсан Т.Галбинга
Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл
-Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ