Хорват Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхан Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Йосопович-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Тэрбээр итгэмжлэх жуух бичгээ барьсны дараагаар Ерөнхийлөгч Иво Йосоповичтэй тусгайлан уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Иво Йосопович Монгол Улсаас анхны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барьж байгааг дурдаад хэдийгээр Монгол Улс, Хорват Улс нь газарзүйн байршлын хувьд алс оршдог боловч хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоо байгааг тэмдэглэсэн байна.
Элчин сайд Ж.Энхсайхан Хорватын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Хорватын харилцааг зарим тодорхой салбарт, тухайлбал аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцав. Монгол-Хорватын харилцаа улс төрийн салбарт хөгжиж ирсэн бөгөөд цаашид уулзалт ярианы давтамжийг ойртуулж, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үүднээс улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх онд хийхээр тохиров. Мөн Монгол, Хорватын бизнес эрхлэгчдийн хооронд шууд харилцаа холбоо тогтоох нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал болохыг талууд онцолж, тус тусын улсыг таниулсан тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар болов. Хорват Улсын Засгийн газраас бакалавр болон магистрын сургалтын тэтгэлэгт нийт 3 оюутныг хамруулж буйг Хорватын тал тэмдэглээд тэтгэлгийн тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтойг мэдэгджээ.
Хорват Улсын хувьд жуулчид хүлээн авах нэн таатай улирал нь зуны 3 сар л байдаг хэдий ч жилд 10 гаруй сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар нь ДНБ-ийн 15 орчим хувийг бүрдүүлдэг тул энэ салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан улс орон юм. Аялал жуулчлалын салбарт тус улстай идэвхтэй хамтран ажиллах, чингэхдээ харилцан мэдээлэл, туршлага солилцох, Хорватаас дорно зүг рүү явж буй жуулчдыг мөн Монголд жуулчлуулах талаар хоёр тал цаашид ярилцахаар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ